Ч.Хүрэлбаатар: Улсын төсөвт коронавирусийн вакцин авахад зориулан 51 тэрбум төгрөг тусгасан

2020-12-13 Засгийн газар


Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар айл өрх, зарим аж ахуйн нэгжийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэж, төр хариуцахаар шийдвэрлэсэн. Мөн энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид вакцинжуулах эрэмбэлэн ангилалтыг хийсэн. Тухайлбал, эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна. Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулах юм. Гэрээ хэлцэл ид хийгдэж байгаа. Эцэслэгдсэний дараа та бүхэнд мэдээлнэ” гэлээ.

Мөн тэрбээр “2020, 2021 оны Улсын төсөвт вакцин авахад зориулан 51 тэрбум төгрөг тусгасан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд эрсдэлийн сан бий. Ажлын хэсгийнхэн вакциныг яаж хурдан хугацаанд Монголд оруулж ирэх арга замыг сонгож байгаа. Энэ хүрээнд COVAX хөтөлбөрийн санаачлагчдын нэгээс санхүүжилт авахаар ажиллаж байна. COVAX хөтөлбөрийн хүрээнд улс орнууд вакциныг худалдан авна. Үүнд манай улс оролцвол вакцин авах хугацаа наашлах боломжтой” хэмээв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.