Монгол Улс, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо хуралдлаа

2020-11-24 Гадаад харилцаа

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр болов. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, тус газрын дэд захирал Г.Өлзийсайхан, европын холбооны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан газрын Алс Дорнодын асуудал эрхэлсэн албаны дэд дарга Марко Чирулло нар хамтран даргалав. Хуралдаанд Сангийн яам, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газрын төлөөлөл мөн оролцов.

Дэд хорооны хуралдаанаар талууд эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, худалдааны бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ялангуяа Европын Холбооноос Монгол Улсад олгож буй худалдааны хөнгөлөлт буюу импортын тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+), Бүртгэгдсэн экспортлогчдын систем (REX), Монголын худалдааг дэмжих төсөл (TRAM)-ийн хэрэгжилтийг хэлэлцэв.

Мөн Монгол Улс, ЕХ-ны Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, мал, амьтан ургамлын эрүүл ахуй, хорио цээр, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон түүхий эдийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Талууд Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хорооны хуралдааны дүнгээр хамтарсан тэмдэглэл гаргахаар тохиролцов. Дэд хорооны хуралдааны дүнг 12 дугаар сард болох Монгол Улс, ЕХ-ны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралд танилцуулах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.