Төмөр замын системээс нийт таван сэжигтэй тохиолдол илрээд байна

2020-11-18 Засгийн газар

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн юм. 

Өнөөдрийн байдлаарДархан-Уул аймагт  PCR шинжилгээ хийсэн  дөрвөн хүн коранавирусийн халдвар авсан  нь тогтоогдсон байна. Түргэвчилсэн шинжилгээнүүдийг авч байгаа аж. Өчигдөр оройноос хойш дахин гурван сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд PCR шинжилгээ хийгдэж байна.

Тэрбээр “Төмөр зам дагасан нэлээд том голомт үүссэн нь тодорхой болоод байна. Дархан-Уул аймагт төмөр замын байгууллагын соёлын болон спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Төмөр замын системийн олон зуун хүн Дархан хотод ирж, байрлаж, гурван өдөр урлаг, соёлын арга хэмжээ үргэлжилсэн. Яг одоогийн байдлаар хоёр сэжигтэй тохиолдол илрээд байна. Ингээд төмөр замын системээс нийт таван сэжигтэй тохиолдол илрээд байна. Шинжилгээг нарийвчлахаар дээж явуулсан. Хэрэв халдвар авсан нь тогтоогдвол тусгаарлах, ХӨСҮТ-рүү шилжүүлэх арга хэмжээ авна.

Төмөр замын ажилчдын тусгаарлалтыг “Дархан” зочид буудалд бэлдсэн. Эхний хоёр сэжигтэй тохиолдол хоёр эмэгтэй байсан. Тэдний хавьтлуудыг “Комфорт” зочид буудалд тусгаарлаж дууссан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.