Монгол Улс 30.8 тэрбум долларын гадаад өртэй байна

2020-10-28 Засгийн газар

УИХ-ын чуулганы хуралдаанаар Европын холбоо, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Олон улсын хөгжлийн ассоциациас авах зээл тусламжийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж эхнээс нь хэлэлцэж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны эхний хагасын байдлаар Монгол Улсын гадаад өр төлбөр ямар байгааг танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 30.8 тэрбум ам.доллар байгаа. Үүнээс Оюутолгой, Саусгоби Сэндс, МАК, Энержи ресурс, МИАТ, Алтайн хүдэр зэрэг аж ахуйн нэгжүүдийн гадаадаас авсан зээл 19.1 тэрбум ам.доллар. Монгол Улсын гадаад өр төлбөрийн гуравны хоёрыг нь аж ахуйн нэгжүүдийн өр эзэлж байгаа гэсэн үг.

Мөн Монгол Улсын нийт гадаад зээлийн 5.5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь арилжааны банкуудын авсан зээл, 6.6 хувь буюу 2.1 тэрбум ам.доллар нь Монголбанкны зээл. Монголбанкны гадаадаас авсан зээл гэдэгт БНХАУ-ын Төв банк буюу Ардын банктай хийсэн своп хэлцлийн өр төлбөр. Энэ зээлийн хугацааг саяхан гурван жилээр сунгасан.

Засгийн газрын гадаад өр төлбөр 7.9 тэрбум ам.доллар байгаа. Үүний 2.9 тэрбум ам.доллар нь үнэт цаас буюу бондуудын өр. Үлдсэн таван тэрбум ам.доллар нь хөнгөлөлттэй зээлийн өр төлбөр. Монгол Улсын нийт гадаад өр төлбөр 30.8 тэрбум байгаагаас Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар байгаа гэсэн үг.

Манай улс гадаадаас зээл авахаас гадна 1990 оноос хойш нийт гурван орчим тэрбум ам.долларын буцалтгүй тусламж авсан байдаг. Үүний дийлэнх хувийг АНУ-ын Мянганы сорилтын сангаас хоёр шаттай олгосон буцалтгүй тусламж эзэлж байгаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.