Өнөөдөр Токио-Улаанбаатарын нислэгээр 200 орчим иргэн эх орондоо ирнэ

2020-10-28 Засгийн газар

 Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн хэвлэлийн хуралд  оролцож мэдээлэл өглөө. 

Манай улс 26.192 иргэнээ гадаад улсаас татан авчээ.  Тодруулбал, агаарын замаар 91 улсаас 19,611 иргэнийг татан авсан бол авто замаар 6,581 иргэнийг хил нэвтрүүлээд байна.

Өнөөдөр орой ирэх Токио-Улаанбаатарын нислэгээр 200 орчим иргэн эх орондоо ирэх юм байна. Токиогийн өнөөдрийн нислэг нь хилийн хязгаарлалт тогтоосноос хойш үйлдэж байгаа тусгай үүргийн 100 дахь нислэг аж.

Ирэх арваннэгдүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэж иргэдээ татаж авах хуваарь гарсан.  Солонгос улсад оршин суугаа манай иргэдийн тоо өндөр байдагтай холбоотойгоор Сөүл рүү нийт зургаан удаагийн нислэгийг үйлдэхээр болсон. Харин Токио хот руу хоёр удаагийн нислэг үйлдэгдэнэ. Энэ нислэгийн үндсэн зорилго нь Япон улс руу зорчих визээ авсан иргэдийг хүргэх зорилготой юм байна.

Уг нислэгээр Япон улсад байгаа болон тус улсаас дамжин эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг авчрах боломжтой. Европын чиглэлд арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Франкфурт руу нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Европын улс орнуудад байгаа иргэд эх орондоо ирэх боломжтой.

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр мөн Казахстан улс руу нэг нислэг үйлдэж, Казахстанд байгаа цөөн тооны иргэд байгааг авчрах юм байна. Мөн Турк улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд бий аж.  Тэдгээр хүмүүсийг арваннэгдүгээр сардаа багтаан татаж авах боломжийг судалж байгааг тэрбээр хэллээ.

Түүнээс гадна 2020 оны зургаадугаар сарын 2-ноос хойш БНСУ-ын Хууль зүйн яам гуравдагч улсаас Монгол Улс руу үйлдэгдэж байгаа болон Монгол Улсаас эхлэлтэй гуравдагч улс руу зорчих иргэдэд транзит хориг тавьжээ. Энэ асуудлыг БНСУ-ын талтай ярилцаж цуцлуулах асуудлыг тавьж байгаа бөгөөд яриа хэлэлцээний талаар олон нийтэд эргэн мэдээлнэ гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.