Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах цахим сургалт боллоо

2020-10-12 Гадаад харилцаа

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтсээс “Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус сургалтыг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын /UNRC/ Суурин зохицуулагч Мишра Тапан нар болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтсийн захирал Б.Ганболд нар нээж үг хэлэв. Сургалтад ГХЯ-ны холбогдох газрын төлөөлөл, СЯ, ЗТХЯ, ХЗДХЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ГЕГ, ХХЕГ, МХЕГ, АТҮТ, УБТЗ ХНН, Алтанбулагийн чөлөөт бүсийн ажлын алба, МУИС, ШУ-ны академийн ОУХ-ны хүрээлэн, Нова Терра ХХК, Sfeco Consulting ХХК, Erdenes gas project ХХК, Монгол Экспресс ХХК, Монгол тээвэр нэгдэл ХХК, Монголын тээвэр зуучлагч нарын нэгдсэн холбоо зэрэг байгууллагаас нийт 60 гаруй төлөөлөгч оролцож, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар олон улсын судлаач, эрдэмтэдтэй санал солилцов.

Тухайлбал, “Тээврийн коридор” сэдвийн хүрээнд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь Азийн авто замын сүлжээ, “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гурван улсын хооронд гүйцэтгэж буй тээвэрлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хил, гаалийн хяналтыг хэрхэн түргэн шуурхай болгох, Ковид-19 цар тахлын улмаас гарч байгаа хүндрэл, түүнийг бусад улс хэрхэн шийдвэрлэж байгаа туршлагын талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн бол “Хуурай боомтын тухай Засгийн газар” хоорондын хэлэлцээрийн хүрээнд байгуулах хуурай боомтын техникийн шаардлага, үйл ажиллагааг хэрхэн үр ашигтай явуулах, НҮБ-ийн худалдаа тээврийн байршлын код болох ЛОКОД (LOCODE)-ыг хэрхэн бүрдүүлэх зэргийг танилцуулснаас гадна бүс нутагт амжилттай хэрэгжиж буй хуурай боомтын туршлагын талаар олон улсын байгууллаганы багш, сургагч нар мэдээлэл хийв.

Сургалтаар бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын гүйцэтгэх үүрэг, түүнийг өргөжүүлэхэд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудлаар сургалтад оролцогчид олон улсын судлаачдаас гадна өөр хоорондоо мөн санал солилцож, туршлага хуваалцав.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулсан энэ удаагийн сургалт нь анх удаа цахим орчинд болж байгаагаар онцлогтой юм.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.