Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айлчлал өнөөдөр эхэлнэ

2020-10-9 Гадаад харилцаа

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн манай улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ.

Айлчлал хоёр хоног үргэлжлэх бөгөөд Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийх юм.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы  Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг  бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Тодруулбал, Япон улсаас 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөөд байна.

Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй тав дахь айлчлал. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилж байв.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.