Глоб Интернэшнл төвөөс телевизүүдэд мониторинг хийжээ

2020-07-6 Мэдээ, мэдээлэл

Глоб Интернэшнл төв нь 2004 оны УИХ-ын сонгуулиас хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа телевизүүдэд сонгуулийн үеийн мониторинг хийж байгаа билээ. Мониторингийн зорилго нь УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтийг үнэлэх явдал юм.

Сонгуулийн хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэд хэдэн үүргийг оногдуулсан. Хуульд заасан үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ? гэдэг асуултад энэхүү мониторингийн дүнгээр хариу өгөх боломжтой юм.

Тухайлбал,

46.6.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна.

46.7.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно гэсэн хуулиар зохицуулсан стандарт цагийн хэмжээ үйлчилж байгаа билээ. Судалгаанд орон даяар цацагддаг, өргөн нэвтрүүлгийн, үзэгчдийн рейтинг өндөр, хамгийн хүртээмжтэй, зах зээлд удаан хугацаагаар оршин тогтносон зэрэг шалгуурт үндэслэн МҮОНРТ, C1, NTV, TV9, UBS зэрэг телевизүүдийг сонгон авсан нь хуулийн зүйл заалтыг чанд баримталж буй нь тогтоогдлоо.

Хуулийн ганц заалт нийгэмд ямар эерэг өөрчлөлт авчирдгийг мөн анзаарав. Өмнөх сонгуулийн хуулиудад байгаагүй, шинээр орсон заалт болох сонгогчийн боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг түгээх үүргээ телевиз, радиогууд умартсангүй. Тодорхой хэмжээнд биелүүлэхийн тулд хичээж ажиллаж байв.

Түүнчлэн хуулийн дагуу үүрэг хүлээгээгүй ч сонгогчийн боловсролд зориулсан тусдаа цэс байршуулсныг хэд хэдэн сайтуудаас ч олж харав. Сайшаалтай хэрэг.

Сонгуулийн хуулиар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хоёр үүргийг тусгайлан зааж өгсөн. Нэг нь үнэн бодит мэдээлэл түгээх, нөгөө нь сонгогчдын боловсролд зориулсан контент бэлтгэх. Дээрх хоёр үүргээ хэвлэл мэдээллийн байгууллага нь биелүүлж байгаа бөгөөд өмнөх сонгуулийн жилүүдийг бодвол сонгогчдын боловсролд зориулсан нийтлэл, нэвтрүүлэг түлхүү бэлтгэсэн үр дүн ажиглагдлаа.

Улс төрийн мэтгэлцээн зохион байгуулах нь хуулиар нээлттэй бөгөөд энэ төрлийн нэвтрүүлэг нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй онцлогтой.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэтгэлцээнийг барьж авч харилцан адилгүй хэмжээнд хийх гэж оролдов. Гэхдээ мэтгэлцээний тогтсон хэм хэмжээ, олон улсын стандарт, зөвлөмжийг аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэтгэлцээн зохион байгуулахдаа анхаарч, баримталж чадсангүй. Бодлогын мэтгэлцээн ч өрнөсөнгүй. Мэтгэлцээн нэртэй далд сурталчилгааны шинжийг агуулж байгаа нь ч харагдав.

Далд сурталчилгаа гэсэн үг, үсэг энэ удаагийн сонгуулийн хуульд байхгүй. Харин хууль бус сурталчилгаа гэдэг зүйлд агуулгаараа орж байгаа юм. Гэвч далд зар сурталчилгаа гэдэг ойлголтыг Зар сурталчилгааны тухай хуулийн 7.5.”…..хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар нөлөөлөх зар сурталчилгааг ДАЛД зар сурталчилгаа гэж тооцно”, 7.1-д “Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, ДАЛД зар сурталчилгаа хамаарна” гэж тодорхой зааж өгсөн байдаг билээ.

Далд сурталчилгаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй буурсан бөгөөд мэдээллийн цагийн 0.1–25 хувийг далд зар сурталчилгаа эзэлж байгаа юм.

Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол аль нам, эвсэл, бие даагч телевизүүдээр хамгийн их гарна сонгогдох магадлал тэр хэрээр өсөж буйг өмнөх сонгуулиудын үр дүн харуулсан.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт далд нуугдсан олон асуудал байдгийн нэг нь редакцын цензур билээ. Тухайлбал, “Таны ажилладаг редакцад хаалтын гэрээтэй эсвэл бусад шалтгаанаар бичихийг хориглосон сэдвийн хар жагсаалт гэж бий юу” гэж асуухад нийт оролцогчдын 40 хувь нь “тийм” гэж хариулсан. Дээрх дүнгээс үзэхэд хэвлэн нийтлэх эрх чөлөөний хамгийн тулгамдсан асуудлын нэг “хаалтын гэрээ” болоод байна. Гэвч хаалтын гэрээ хэмээх тухайлсан гэрээ байдаггүй бөгөөд сурталчилгааны гэрээ, хамтран ажиллах гэрээ дотор байдаг ганцхан заалтыг нэрлэж болно. Тухайлбал, “ЗАХИАЛАГЧ ТАЛЫН НЭР ХҮНДЭД ХАРШЛАХ АЛИВАА СӨРӨГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЗАХИАЛАГЧ ТАЛД МЭДЭГДЭХ, НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ” гэдгийг хаалтын гэрээ гэдэг нэр томьёогоор ойлгож байгаа юм. Хаалтын гэрээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгуулах нь чөлөөт хэвлэл мэдээллийн тэнцвэртэй байх, олон ургалч, хараат бус байх зарчимтай нийцэхгүй юм.
Иймдээ ч УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хаалтын гэрээг анх удаагаа хориглосон. Энэ жилийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа явагдсан хуулийн 21 хоногийн хугацаанд нэлээдгүй эерэг зүйлс анзаарснаа хуваалцахад нэг иймэрхүү байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.