Наадмын үеэр баримтлах түр журам батлагдлаа

2020-06-17 Засгийн газар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдсан юм. Тус хуралдаанаар Коронавируст цар тахлын үед үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав.

Уг журмаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулах гэнэ. Тодруулбал, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” аялал жуулчлалын цогцолборын төв талбайд зохион байгуулах аж. Харин хурдан морины уралдааныг уламжлал ёсоор Хүй долоон худагт, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг нь эхлүүллээ. Бөхчүүд, сур, шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжин, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн байгууллагынхан үүнд хяналт тавих юм байна.

Их эзэн Чингис хаан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал, “Дээлтэй Монгол” наадам, Баяр наадмын ёслолын буудлага, өсвөрийн бөхийн барилдаан, хүүхдийн сурын болон шагайн харваа, төрийн дайллага, уяачдын наадам, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй аж. Харин бөхийн барилдаан, сур, шагайн харваа, морины уралдааныг теле болон цахим хэлбэрээр орон даяар шууд дамжуулахаар тогтлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.