Хүний хэрэглээний олон эд зүйл ухаалаг болон хөгжиж байгаагийн дотор сүүлийн үед “ухаалаг хувцас” түч түрэн гарах янзтай. Хүний өмсч зүүж болох эд зүйлийг зөвхөн ухаалаг цагаар төсөөлдөг үе ард хоцорч, өдөр тутам өмсдөг жинсэн өмд, спортын өмсгөлүүд, усны хувцас хүртэл ухаалаг болжээ. Усны хамгаалалттай хүрэм, халаасандаа цэнэглэгчтэй цамц, биеийн халууны хэмийг тогтвортой барьдаг жинс гээд ухаалаг хувцасны дэвшлүүдийг саяхан Парист болсон олон улсын загварын үзэсгэлэнгээр танилцуулжээ. Эндээс загвар зохион бүтээгчид өмнө нь зөвхөн гоё сайхан загвар гаргах гэж хичээдэг байсан бол одоо өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй үйлдлийг хувцсаараа дамжуулан гүйцэтгэхэд технологийн давуу талыг давхар шингээхийг эрмэлздэг болсон байна. Жишээлбэл, Францын “Spinal Design” хэмээх загварын компани ухаалаг жинсэн өмд зохион бүтээжээ. Өмдний зах хэсгээр bluetooth мэдрэгчтэй энэ өмд эзнээ гадуур явах үед зам заах аж. Ингэхдээ өмдөндөө хүрэх ёстой чиглэлээ зааж өгөх бөгөөд замдаа хаагуур яаж явахыг, хаашаа эргэхийг өмд чичирч мэдэгдэх аж. Хэрэв баруун тийш эргэх ёстой бол баруун талын хөлөнд чичирч мэдэгдэх жишээтэй. Энэ ухаалаг өмд 150 еврогийн үнэтэй юм байна.
Францын энэ компани ухаалаг өмднөөс гадна ухаалаг усны хувцас ч бүтээж байжээ. 149 еврогийн үнэтэй энэ хувцас эзэндээ нарны тосоо түрхэх сануулгыг өгдөг аж. Хэт ягаан туяаны мэдрэгчтэй учраас нар хэр хурц тусч байгааг мэдрэн улмаар эзэндээ нарнаас хамгаалах тосоо түрхэхийг ухаалаг утсаар нь дамжуулан мэдээлэхээс гадна хэрэглэгчийн арьсны онцлогоос шалтгаалан хэр их түрхэх ёстойг ч зөвлөдөг байна.
Жинсэн хувцасны домогт брэнд Levi’s Google-тэй хамтран энэ жил ухаалаг хүрэм худалдаанд гаргах мэдээлэл бий. Үнэ нь 350 ам.доллараас эхлэх ухаалаг жинсний “ид шид” нь ханцуйндаа агуулагдах аж. Ханцуйнд нь суулгаж өгсөн мэдрэгчийн тусламжтайгаар хэрэглэгч зөвхөн гарынхаа хөдөлгөөнөөр хөгжим сонсох, газрын зураг ашиглах, гар утсандаа хүрэхгүйгээр ирсэн дуудлагыг таслах гэх мэт олон янзын үйлдлийг хийх боломжтой аж.
Тэгвэл Бразилийн давуун эд материал үйлдвэрлэгч “Vicugna Tex” компани халуун хүйтний хэмийг зохицуулагч төрөл бүрийн материал гарган авчээ. Тэд үүгээрээ тамирчдад зориулсан хувцас хэрэглэл хийхээс гадна биеийн хэмийг тогтвортой хадгалдаг жинсэн хувцас ч хийсэн байна.
Ер нь, ухаалаг хувцас бүтээх тал дээр жинсэн материалыг ашиглах нь их түгээмэл байгаа юм. Учир нь, жинсийг будаж боловсруулах гэж маш их ус зарцуулдаг, байгальд ээлгүй гэсэн сөрөг хандлага байдаг. Тиймээс хувцас үйлдвэрлэлийн салбарынхан нэр хүнд муутай энэ байдлыг халж, жинсэн хувцсыг орчин үеийн ахуй амьдралд зохицсон ухаалаг, гэхдээ хүрээлэн буй орчиндоо ээлтэй байхаар давхар бодолцож байгаа аж. Тухайлбал, технологи ашиглан хуучин жинсэн хувцасны материалыг дахин ашиглаж байгаа компани ч байна. Мөн хувцас өөрөө удаан эдэлгээтэй байвал дахин шинээр авч, байгальд хог тарихгүй гэдэг үүднээс жинсний чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахад их анхаардаг болжээ.
Ухаалаг хувцас гэхээр спорт хувцас хэрэглэлүүд хамгийн түрүүнд санаанд ордог. Гүйсэн зай, хурд, зүрхний цохилт, алхааны хэмжээ гээд төрөл бүрийн мэдээллийг авч, утсаар нь дамжуулан хэрэглэгчид илгээдэг спорт хувцаснууд л ухаалаг хувцсыг төлөөлдөг байсан бол одоо хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд янз бүрийн бүлгийн хүмүүст зориулагдсан ухаалаг хувцаснууд гарч байна. Жишээлбэл “Owlet Smart Sock” компани нярай хүүхдүүдэд зориулсан оймс гаргажээ. Эмнэлгүүдэд байдаг зүрхний хэм хэмждэг аппараттай ижил технологийг ашигласан энэ оймс хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа эсэхийг хянах аж. Тэгвэл нярай хүүхдээс гадна эхийнхээ хэвлийд бойжиж буй ураг болоод жирэмсэн эхийн биеийн байдлыг хянах хувцсыг Корнеллын их сургуулийн загварын оюутан Блэйк Урецкий зохион бүтээжээ. Жирэмсэн эхчүүдэд зориулсан биед эвтэй таатай загвар бүхий энэ хувцасны бүсэлхий хэсгийн дотуур мөнгөлөг ялтас оруулж өгснөөр хэрэглэгчийн биеийн хэм, зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын замын үйл ажиллагааны талаарх мэдээллийг гар утсанд илгээснээр ээж, ураг хэвийн байгаа эсэхийг байнга хянах боломжтой аж.
Ухаалаг хувцсыг ажил хэрэгч хүмүүст ч зориулан гаргаж байна. “Samsung” компани “Rogatis” компанитай хамтран ажил хэрэгч хослол худалдаанд гаргасан нь гар утасны түгжээг тайлах, нэрийн хуудсаа дижиталаар солилцох, гар утас, компьютер гэх мэт техник хэрэгслүүдийг асаах, ажиллуулах зэрэг үйлдлийг зөвхөн хувцсаараа хийх боломж олгожээ. Ухаалаг хослолын үнэ 500 орчим ам.доллар аж.
Б.Номун
1 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87381
30495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.