Цуврал-2: Энэ онд газар тариаланг дэмжихээр 89 тэрбум төгрөг тусгасан

2020-05-3 Нийгэм

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Жинхэнэ ЖДҮ-чид маш олон болтугай” хэмээх цуврал ярилцлагыг холбогдох албаныхантай хийж буй юм. Энэ удаад цаг үеийн ажил хаврын тариалалт, Засгийн газрын 138-р тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцсан байна. Тус ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэлээ.

Д.Тэрбишдагва: Таньтай 2 асуудлаар ярилцах хэрэгтэй болов уу. Эхнийх нь газар тариалан болон мал аж ахуйн 2 сан нэгдэж Хөдөө аж ахуйн сан болсон. Энэ чиглэлээр эхлээд тодорхой мэдээлэл иргэдэд өгөх хэрэгтэй болов уу. Танай сангийн үйл ажиллагаа хэр хүртээмжтэй бас нээлттэй байна?

Ц.Болорчулуун: Үр тарианы үйлдвэрлэлд улсын хэмжээнд нийтдээ 1400 гаруй аж ахуйн нэгж, иргэд байна. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлд 10.000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, 400 орчим хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн мэдээлэл бидний гарт байна. Тухайлбал, сум орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг тодорхойлолтыг нь гаргаад аймгийн Хөдөө аж ахуйн газраар дамжуулаад нэгтгэсэн. Эдгээр аж ахуйн нэгжид Хөдөө аж ахуйг дэмжих сангаас явуулж байгаа дэмжлэг бүгдэд хүртээмжтэй гэж ойлгож болно.

Д.Тэрбишдагва: 2020 онд газар тариаланг дэмжихээр 89 тэрбум төгрөг тусгасан. Ингэхдээ 8 чиглэлээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийг ямар аж ахуйн нэгжүүдэд олгох вэ?

Ц.Болорчулуун: Ер нь хаврын тариалалтад зориулж 5-6 төрлийн дэмжлэгийг үзүүлдэг уламжлалтай. Тухайлбал, 4 улаанбуудайн дэмжлэгийг жил бүр үзүүлдэг. Энэ жил гэхэд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 9.5 мянган тонн үрийн улаан буудайг дэмжлэгийг иргэд, аж аж ахуйн нэгжид үзүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилт 80 гаруй хувьтай явж байна.

Дараагийн дэмжлэг нь хаврын тариалалт, ургац хураалт, шатахууны дэмжлэг байдаг. Нийтдээ 11 орчим тэрбум төгрөгийг шатахууны дэмжлэг үзүүлэхээр энэ жил төлөвлөсөн. Хаврын тариалалтын шатахууныг ирэх даваа гарагаас буюу 05 сарын 03-наас эхлэн аж ахуйн нэгжид олгохоор гэрээ байгуулсан.

Нийт дүнгээр 89 тэрбум төгрөг гэхээр их хэмжээний дэмжлэг үзүүлэх нь гэж ойлгож магадгүй. Техник тоног төхөөрөмжийн үлдэгдэл ороод ийм дүн байгааг хэлэх хэрэгтэй байх. Одоо байгаа техникийг бүгдийг нь борлуулна гэхэд хэцүү. Аж ахуйн нэгжийн хүсэлтээр олгож байгаа. Өөрсдөдөө мөнгөтэй байгаад төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгийг энэ жилийн техникийн шинэчлэлд авсан бэлэн мөнгө байхгүй. Тэгэхээр гадны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг авч байгаа. Тухайлбал, Хятадын зээлийн дэмжлэгээр тоног төхөөрөмж оруулж ирдэг. Жишээ нь, 2 жилийн өмнө 24.5 сая ам.долларын усалгааны тоног төхөөрөмж оруулж ирсэн. 2019 онд тухайлбал ийм техник хэрэгтэй байна гэх боломжгүй. Үндсэн том дүнгээрээ гэрээ хэлцэл байгуулж байгаа.

Мөн бордооны дэмжлэг байна. Үүнийг жил болгон өгдөг. Төмс хүнсний ногоо эрхлэгчдэд үрийн дэмжлэг, хүлэмжийн дэмжлэг бас бий. Үндсэндээ 5-8 төрлийн дэмжлэг үзүүлдэг. Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан хүсэлт гаргасан аж ахуйн нэгж иргэдэд олгож байгаа.

Д.Тэрбишдагва: Олгож эхэлсэн үү. Мэдээллийг иргэд аж ахуйн нэгжид хэрхэн  нээлттэй ил тод хүргэж байна вэ?

Ц.Болорчулуун: Дэмжлэгийн олголт 60 орчим хувтай байна. Мэдээллийг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим хуудас, Хөдөө аж ахуйг дэмжих сан шинэчлэгдэн байгуулагдаж, цахим хуудас нээсэн. Энэ цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэдэг. Мөн аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газартай уулзалт зохион байгуулдаг.     

Д.Тэрбишдагва: Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр өнөөдөр хичнээн төгрөгийн зээл олгов. Хэр хэмжээний үлдэгдэл, боломж байна вэ?

Ц.Болорчулуун: Мал хамгаалах сан гэж байсан. Өмнө нь энэ сангаар малчдыг дэмжих бодлого хийгдэж байсан. Тухайлбал, ноос, арьс ширний урамшуулал энэ сангаар дамжин олгогдож байсан. Мөн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн бойжуулах хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлж байсан. Нийтдээ 32 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэгийг сангаар дамжуулж олгосон байдаг. Энэ жилийн тухайд 2019 онд тушаасан ноосныхоо урамшууллыг өгөхөөр бэлтгэл хангаж байна.

Д.Тэрбишдагва: Хичнээн төгрөгийн урамшуулал олгогдох вэ?

Ц.Болорчулуун: Энэ жил 22 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал бий.

Д.Тэрбишдагва: Зээл авсан хүмүүс буцаагаад зээлээ төлнө. Энэ нь санд ирнэ. Мөн тусгай санд улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө тусгадаг. Тийм биз?

Ц.Болорчулуун: Өмнө нь жилдээ 2-3 тэрбум төгрөг төвлөрүүлчихдэг байсан. Сүүлийн жилүүдэд улсын төсвөөс мөнгө тавьж чадахгүй, өөрийн эргэлтийн хөрөнгөөрөө явж байгаа.

Д.Тэрбишдагва: Шинээр аж ахуйн нэгжид дэмжлэг хүртэж чадахгүй байна гэх гомдол ихээр ирсэн. Тэгэхээр боломж нөхцлийн талаар мэдээлэл өгвөл?

Ц.Болорчулуун: Шинээр төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт руу иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхож орж байгаа.

Д.Тэрбишдагва: Засгийн газрын 138 дугаар тогтоол 04 сарын 15-нд батлагдсан. Уг тогтоолоор олон асуудал хөндөж тавьсны нэг нь 150 тэрбум төгрөгийн зээлийг төмс, хүнсний ногоо, газар тариалан, зоорь, жимс жимсгэний үйл ажиллагаа эрхлэгчдэд олгохоор болсон байсан. Энэ тогтоол хэрэгжсэнээр газар тариалан хөл дээрээ босно. Ингэхдээ 3 хувийн хүүтэй өгнө. Банкны хүүний зөрүү 13.5 трэрбум төгрөгийг төрөөс даана гэж байсан. Үүний хэрэгжилт хэр хангагдсан бэ?

Ц.Болорчулуун: Хөгжлийн банкинд 150 тэрбум төгрөгийг авахтай холбоотой бичиг баримт бүрдүүлж өгөхийг шаардаж байгаа. Салбар яамны зүгээс бүх баримт бичгээ бүрдүүлээд өгчихсөн. Тогтоол гарах үеэс 7 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн.

Хөгжлийн банкин дээр зээлийн судалгаа явагдаж байна. Хөгжлийн банкны бүтэц зохион байгуулалттай холбоотой 4-5 хоногийн ажил гарсан.

Д.Тэрбишдагва: Нэг жилийн дотор хэдэн Засгийн газар сольдог. Нэг жилийн дотор хэдэн банкныхаа бүтцийг сольдог. Зөвхөн бүтцийн өөрчлөлт гэж дарга нарыг өөрчилж тавихын төлөө газар тариалан эрхлэгч нар зээлээ авч чадахгүй хугацаа алдаж байна?

Ц.Болорчулуун: Үүнээс шууд шалтгаалсан гэж хэлж болохгүй л дээ. Хөгжлийн банкин дээр зээлийн хороогоор ороод арилжааны банкуудад чиглэл өгнө гэсэн. Зээлийн хороогоор орсноор зээлийнхээ нөхцлийг батлах юм. Ингээд арилжааны банкуудад хүргүүлнэ.

Д.Тэрбишдагва: Нөхцөлийг тодорхойлж өгөхгүй бол арилжааны банкууд өөрсдийн шалгуураа тавьчихна. Ингэхээр барьцаа хөрөнгөгүй хүмүүс хамрагдаж чадахаа болино. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого гардаг, гэтэл арилжааны банк дампууруулдаг. Төр өөрөө 13.5 тэрбум төгрөгийг өгөхөөр болоод байхад бараг л маргааш нь зээлээ олгоод эхлэх ёстой юм биш үү. Гэтэл одоо шалгаруулна, нөхцөлөө тодорхойлно, арилжааны банкинд хүргүүлнэ гээд хугацаа алдаж байна?

Ц.Болорчулуун: Хаврын тариалалтаас өмнө зээлийг олгохоор ажиллаж байна. Арилжааны банкуудад урьдчилаад мэдээлэл өгчихсөн. Иймээс мэдээлэлтэй байгаа. Аж ахуйн нэгжүүдийг судлаад эхэлчихсэн.

Аж ахуйн нэгжүүдэд хэлэхэд орон нутагт байгаа банкууд дээрээ очоод зээл авах материалаа судлуулж байхад буруудах зүйл байхгүй.

Д.Тэрбишдагва: Зоорийн аж ахуй эрхлэхэд хэдэн төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо байна. Өвлийн хүлэмж байхгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломжгүй. Уг нь бүх тооцоо судалгааг хийгээд гаргаад ирсэн судалгаан дээр тулгуурлавал Монгол Улс бүх төрлийн хүнсний ногоог жигд дэмжих боломжтой. Энэ тал дээр мэргэжлийн холбоодыг татан оролцуулах боломж хэр бий вэ?

Ц.Болорчулуун: Зээлийг олгохтой холбоотойгоор бүх үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, хүлэмжийн аж ахуй нэгж иргэдийн мэдээллийг авч нэгтгэн баталгаажуулаад Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Тэгэхээр уул уурхайн компани жишээ нь зээл авах боломжгүй.       

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.