Ж.Эрдэнэбат, Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийв

2017-05-8 Гадаад харилцаа

Айлчлал

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны суурийг манай хоёр орны удирдагчид одоогоос 60 гаруй жилийн тэртээ тавьсан бөгөөд энэ харилцаа эдүгээ амжилттай өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Хоёр ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд таны БНСВУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг тэмдэглэв.

Хоёр орны худалдааны хэмжээ 40 гаруй сая ам.доллар байгаа нь бодит боломжоос доогуур үзүүлэлт. Цаашид энэ чиглэлд анхаарч нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам улсын зах зээлд гаргахад чиглэсэн эхний алхмууд хийгдсэн тухай дурдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.