ЗУНЫ БАШЁГ 14 хоногоор хойшлуулав

2020-04-7 Спорт

Японы сүмогийн холбооноос тавдугаар сарын болон долдугаар сарын башёг хойшлуулах шийдвэр гаргажээ. Ингэснээр зуны тэмцээн Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд тавдугаар сарын 24-нд эхэлж, зургадугаар сарын 7-нд өндөрлөх болов.

Харин Нагояд болох башёг долдугаар сарын 19-нд эхлүүлж, наймдугаар сарын 2 хүртэл явуулах ажээ. Японы нийслэлд коронавиурст халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хоёр башёг 14 хоногоор хойшлуулах уг шийдвэрийг гаргаж, Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү энэ тухай мэдээлжээ. Өдөр өдрөөр өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас зуны башёг үзэгчтэйгээр барилдах, эсвэл бүр цуцлах шийдвэр ч гаргаж магадгүй гэнэ. Даваа гарагийн байдлаар тус улсад covid-ийн 3654 өвчлөл бүртгэгдсэний тэн хагас нь сүүлчийн долоо хоногт нэмэгдээд байна. Японы сүмогийн холбоо коронавируст халдварын улмаас гуравдугаар сарын башёг үзэгчгүйгээр, маш хатуу хяналтын дор явуулсан билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.