Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

2020-02-27 Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Энэ талаарх холбогдох мэдээллийг хүргэж байна.

Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая /2020.02.27-ны 12.00 цагийн орчимд/ өгч, гарын үсэг зурлаа. Арав гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явна. Ирснийх нь дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журам Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана” гэв.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.