Цахим дахь “коронавирус” нийгмийг цочроож байна

2020-02-6 Нийгэм

Манай улс хэдийгээр шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй бүс нутагт байгаа ч эрүүл мэндийн байгууллагууд цаг алдалгүй, түргэн шуурхай, хангалттай сайн ажиллаж байна. Түүгээр зогсохгүй Онцгой комисс өчигдөр хуралдаж, Шуурхай бүлэг гарган өнөө өглөө хилийн боомтууд руу илгээв. Эл бүрэлдэхүүнд ЗТХЯ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, монгол төр аймшигт аюулыг хилийнхээ дээсээр боомилж, чадлынхаа хэрээр ажиллаж байна. Гэвч цахим ертөнцөд аймшигт коронавирусийн халдварыг бушуухан илрүүлэхийн уралдаан зарласан юм шиг л нэгнээсээ өрсөж, тэрүүгээр байгаа гайг энүүгээр дуудаж сэвэх юм. Монголчууд яагаад ингэтлээ сэтгэлгээний доройтолд орчихоо вэ?

Тал шигээ уужуу тайван монгол ухаан хаана гээгдчихээ вэ. Эсвэл тэр өвчин нь Монголд илэрвэл цахим жиргээчдийг шагнаж, урамшуулна гэсэн юм уу. Нэгнээсээ уралдаад “тэр аймагт ч илэрлээ, энд ч байж магадгүй” гээд л цахимыг доргиох юм. Гэвч энэ бүхэн нь нийгэмд айдас хүйдэс төрүүлж, бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлөөд байгаагаа мэддэг ч болоосой. Тэр вирус нь манайд илэрвэл Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс нь албан ёсоор зарлана шүү дээ. Уг нь илрэхгүй байвал сайн юмсан. Гэтэл илрүүлчих гээд л, илэрвэл лан лангаар алт амласан аятай аягалах нь дэндүү давчуу харагдахгүй байна гэж үү…

Тэгээд л харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа эх орон, элгэн саднаа гэсэн монгол хүмүүсийг амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл илгээлээ гэхээр элдэв хар сэтгэгдлийг баруун, солгойгүй шидэлнэ. Ганц жишээ дурьдахад, “БНСУ-д суралцдаг зургаан настай Бүрэнбат овогтой Ертөнц хүү өөрийн цуглуулсан мөнгөөрөө 200 ширхэг хүүхдийн амны хаалт авч эх орондоо илгээлээ” гэсэн мэдээллийн дор иргэн Ө.Ц “Ямар нэгэн халдварт өвчин ч юм уу эрсдэл үүслээ гэхэд эмя-нд нөөц бдаггүй юмуу. Хэрвээ муугаар бодоход монголд ийм өвчин гарлаа гэхэд маск олдохгүй дашраараа…болохын бналдаа. Тэгэхэд хятад улс шууд нөөцөөсөө үнэгүй тарааж ард иргэдээ хамгаалж бнашд” гэх мэт элдэв сөрөг сэтгэгдэл давамгайлах жишээний.

Үнэндээ монгол хүн байна даа гай зовлон холуур тойрог гээд ханцуйндаа залбираад наанадаж л, иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг мэдмээр юмсан. Ер нь тэгээд вирус чинь агаарт загас шиг хөвж, шумуул шиг нисдэг зүйл биш гэдгийг эрдэмтэн мэргэд хэлээд байгаа. Шүлсний бичил дусал дотор байдаг. Нүдэнд харагдахгүй. Тэр шүлсний бичил дусал ярихад 80 см, ханиахад хоёр метр, найтаахад найман метр үсэрч болно. Халдвар авсан хүн өөрөө маск байнга зүүж явах хэрэгтэй. Бусдад халдвар тараахгүйн тулд шүү дээ. Харин гаднаас халдвар авахгүй гэвэл нэг метр зайнаас илүү ойртохгүй байх нь зөв гээд л байгаа шүү…

 

 

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.