Манай нийт нутаг дэвсгэрийн 76,8 хувь нь цөлжилтөд өртжээ

2017-12-20 Байгаль орчин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан”-г гаргасан байна. Тайланд тусгагдсан хэд хэдэн аюултай үзүүлэлтийг тоймлон хүргэж байна.
Агаар мандлын аюулт үзэгдлийн тоо нэмэгджээ 
Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюултай үзэгдэл, гамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1990-2000 онд дунджаар жилд 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд энэ тоо даруй 2 дахин нэмэгджээ. Тухайлбал, шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна.
Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралт нь 2014 оны байдлаар 6,08 тонн СО2-экв ба дэлхийн дунджаас харьцангуй өндөр байгааг дурджээ.
Нийт нутаг дэвсгэрийн 76,8 хувь нь цөлжилтөд өртжээ 
Манай улсад сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн байгааг тайланд онцолжээ. Малын тоо 1990 оноос хойш 2.5 дахин өсч, бэлчээр сэлгэх, отор нүүдэл хийх зэрэг уламжлалт арга алдагдсанаас бэлчээр доройтох, цөлжих үндсэн шалтгаан болсон байна. Аймгаар авч үзэхэд Говьсүмбэр аймгийн нутгийн 62.8, Дорнод аймгийн 43.5, Сүхбаатар аймгийн 3.1, Дундговь аймгийн 27.9, Өмнөговь аймгийн 17.5 тус тус цөлжилтөд нэрвэгджээ.
346 нуур, 263 гол горхи хатаж, ширгэсэн
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэн булаг шанд, гол горхи, нуур, тойром хатаж ширгэх үйл явц нэмэгдсэн байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ.
Улаанбаатарт шивтрийн бохирдол өндөр байна
Улаанбаатар хотод 2014 онд хийсэн хөрсний судалгааны дүнгээр нийт дээжийн 88 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн ба хүн амын төвлөрөл ихтэй газруудад аммони /шивтэр/-ийн бохирдол өндөр гарчээ.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус, үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлаас үүдэлтэй Туул голын усны бохирдол нэмэгдсэн байна. Түүнчлэн Орхон голын адагт нитратын азот, эрдэс фосфорын агууламж 1985 оноос өсөх хандлагатай байна гэдгийг энэхүү тайланд дурджээ.

 

Өнөөдрийн онч үг

16 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.