Мөс “амилах” цагаар…

2019-12-24 Амрах агшин

Шинэ жилийн амралтын өмнөхөн насанд хүрэгчид, хүүхдүүдэд баяр баясгаланг нэмж, гайхалтай мөсөн үлгэр амилдаг.

Ердийн мөсөөр хийсэн гайхамшигт ордон, ид шидийн цайз, үлгэр  домогт гардаг баатрууд, гайхалтай амьтан, ер бусын цэцэгс нь  гэрлийн туяанд  болор, эсвэл гоёмсог очир алмаз шиг туяаран харагдана.

Мартагдашгүй, үзэсгэлэнтэй сайхан!

Ийм учраас бөмбөрцгийн хойд хагасын орнуудын ард түмэн мөсөн барималд маш их дуртай байдаг бөгөөд мөсөн уран баримлын  наадмыг жил бүр зохион байгуулдаг байна.

Мөсний тухай анхны мэдээ МЭ600 оны орчим бүртгэгджээ.

Хятадын “Дууны ном”-д Хятадын баруун хойд нутгийн өндөрлөгт амьдарч байсан Shensi аймгийнхан мөсийг дөрвөлжин болгож хөлдөөгөөд, түүнийг мөсөн барилгад хадгалж байсан тухай мэдээ үлдээсэн байна. Дулаан улиралд энэ мөсийг загас хадгалахад хэрэглэдэг байжээ. XVII зуунд Харбин хотын ойролцоо амьдарч байсан загасчид мөсөн гар чийдэн бүтээсэн байна.  Тэд сагсыг усаар дүүргэж, хүйтэнд тавьж хөлдөөгөөд, дараа нь мөсөндөө нүх гаргаж, лаа хийдэг байв. Ийм гар чийдэнг загасчид загас барихдаа ашиглаж, хүүхдүүд тоглодог байжээ.

Мөсөн баримлын материал бэлтгэх ажил 12-р сарын сүүлээс эхэлнэ. Замаг, элс агуулаагүй цэвэр тунгалаг мөсийг ашиглана. Ихэнхдээ мөсийг  цөөрөм, нуураас авах бөгөөд голын мөсийг ашигладаггүй аж. Яагаад гэвэл голын ус мөсөн давхаргыг идэж багасгасны улмаас хангалттай зузаан мөс үүсдэггүй байна. Стандарт мөс нь 100 см х 50 см х 25 см байх ёстой.

Мөсөн блоктой ажиллах нь аюултай ажил бөгөөд учир нь ийм “тоосго” 120 кг жинтэй байдаг аж.

Нуурын мөсөн давхаргаас хөрөөгөөр тасалж авах ба тусгай дэгээ, чаргаар чирч гаргадаг. Хэтэрхий нимгэн мөс  блокийн жинг тэсвэрлэж чаддаггүй учраас энэ үедээ анхаарал болгоомжтой байх ёстой. Мөн мөс нь эмзэг материал учраас тээвэрлэхдээ болгоомжтой  хандах хэрэгтэй юм.

Мөсөн баримлыг барихдаа дараах аргыг ашиглана. Мөсөн блокийг зэрэгцэн суурилуулж, ус  асган барьцалдуулаад, дахиж ус асган хөлдөөгөөд нэг цул болгоно. Энэ үедээ будах, чимэглэх, юм бичих ажлыг хийнэ.

Блокийг хоёр хувааж, дотор талыг нь будаад, дахиж нийлүүлэн ус асгаад хөлдөөнө. Туршлагатай мастер баримлын гадна талыг хэзээ ч буддаггүй бөгөөд хавар эхний дулааралтын үед урсаж, баримлыг муухай болгохоос сэргийлдэг байна.

Мөсөн баримлыг модон барималтай ижил технологи ашиглан хийдэг байна. Мөсөн баримал хийх багаж нь модон сийлбэрийн багажтай маш төстэй байдаг.

Мөсний мэргэжлийн багаж нь үнэтэй байдаг учраас олон барималчид модны багаж, тухайлбал цахилгаан эсвэл бензин мотортой хөрөө, цүүц, зүсэгч зэрэг ердийн багаж хэрэгслийг илүүд үздэг аж. Эхлээд  мастер нь хөрөөний тусламжтайгаар илүү дутуу зүйлийг авч хаяж,  ирээдүйн уран баримлын хэлбэрийг бүрдүүлдэг. Дараа нь илүү нарийн ажлыг цүүцээр хийнэ. Эцэст нь жижиг хэмжээний ажлыг зүсэгчээр хийж дуусгана.

Уран баримлын муруй хазгай согогийг өнгөлгөөний багажаар авна. Баримлыг гялгар болгохын тулд үс хатаагчаар дулаан агаар үлээлгэж, индүүгээр дарж, тэр ч байтугай алгаараа үрдэг байна. Харанхуйд гоё харагдуулахын тулд хүйтэн гэрлээр гэрэлтүүлнэ.

Мөсөн дээр сийлбэр нь уламжлалт өвлийн бүтээлийн нэг хэлбэр боловч та мөсөн баримлыг зуны улиралд ч хийж болно. Үүний тулд хиймэл мөс, хөлдөөгч худалдан авч, урлан зохион байгуулах хэрэгтэй. Хиймэл мөсийг цэвэрлэсэн усаар хийх бөгөөд зэвэрдэггүй гангаар хийсэн буюу ус үл нэвтрэх хальсаар бүрсэн модон саванд хийж хөлдөөнө. Хөлдөөхийн өмнө будаг хийх буюу мөсөнд хөлдөөсөн байх ёстой цэцэг, жимс зэрэг зүйлийг хийнэ. Усыг мэргэжлийн хөлдөөгчид хийж хөлдөөдөг. Мөсөн блокийг хөлдөөх тусгай тоног төхөөрөмж байдаг. Шаардлагатай бүх тоног төхөөрөмжтэй мэргэшсэн компани хиймэл мөсөөр хийсэн уран баримлыг хийдэг байна.

Мөсөн баримал нь сайхан боловч харамсалтай нь богино хугацаанд амьдардаг. Нэг блокоос хийсэн баримал нь өрөөний температурт 6-8 цаг хадгалагдаж, хоногийн туршид аажмаар хайлдаг байна. Гадаа, хүйтэнд баримал нь зөв байршуулсан, зохих ёсоор анхаарал тавьсан нөхцөлд хавар хүртэл байдаг.

Нарны гэрэл шууд тусахгүй газарт баримлыг байрлуулахыг зөвлөдөг байна. Бороо, хүчтэй салхи нь уран баримлын анхных нь хэлбэрийг алдагдуулна. Хэрэв цас орсон бол мөсөн гадаргууд цас хөлдөж амжихаас өмнө цэвэрлэнэ.

Баримлыг бороо, цас нэвтрүүлдэггүй полиэтилен хальсаар бүтээхийг зөвлөдөг.  Мөн гэнэт дулаарсан үед баримлын эргэн тойрон дахь сөрөг температурыг хадгалах үүднээс хальс хэрэглэдэг байна.

Мөсөн баримал нь өргөн хэрэглээнд нэвтэрч, маш ашигтай бизнес болсон байна. Гадна зар сурталчилгаа, баар, лангуу, хоолны сав зэрэг зүйлс болон  төрсөн өдөр,  бусад баярын  гоёл чимэглэлийг мөсөөр хийж байна. Швед, Финланд, Норвеги, Румын, Канад зэрэг орнуудад амралт зугаалгад зориулсан ер бусын дурсгалт газрууд- мөсөн буудлыг өвлийн улиралд байгуулдаг байна.

Хамгийн том, хамгийн алдартай “Icehotel” зочид буудал нь Шведэд Цасан охины эзэмшил газарт  байдаг. Анх 1989 онд Шведийн хойд хэсгийн Юккасъярви (Jukkasjärvi) хотод мөс баримал сийлбэрлэх сургалт явуулж, дараа нь үзэсгэлэн  зохион байгуулсан үед энэхүү гайхалтай мөсөн барилга баригдсан юм.  Даарах дуртай хүмүүс дэлхийгээр нэг бий. Айсотелын буудалд жилийн өмнө захиалга өгөх ба зөвхөн нэрийн дарааллаар тэнд очиж болно. Хоногийн төлбөр нь хоёр хүний өрөө 400 доллар, люкс 800 доллар. Хэдийгээр өндөр үнэтэй ч гэсэн хэдэн арван мянган хүн жил бүр мөсөн зочид буудалд зочилдог байна.

«Icehotel» зочид буудлаас илүү мөсөн бүтээлүүдийг олон оронд зохиогддог мөсөн фестивалийн үзмэрээс харж болно.

Хамгийн нэр хүндтэйгээс нь нэрлэвэл Аляскын Фэрбенкс, Хятадын Харбин хотод болдог фестиваль юм. Фэрбенкс  хотын дэргэдүүр урсдаг Чен голын мөс нь цэвэр, тунгалаг байдаг тул жил болгон тэнд мөсөн уран баримлын дэлхийн аварга зохиогддог байна.

Энэ тэмцээнд мэргэжлийн уран барималчид, сонирхогчид оролцож болно. Хоёр буюу дөрвөн хүний баг нь тогтсон цагт цогц баримал үүсгэж барьдаг. Хамгийн шилдэг бүтээлүүдийг нь музейд тавьдаг, үлдсэнийг нь паркт байрлуулдаг байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.