Наоко Танигучи: Оюуны бэрхшээлтэй хэдий ч хөгжиж тоглож, ажиллаж, амьдрах ёстой. Тэгж байж эрхээ хамгаална

2019-11-7 Нийгэм

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийг ажиллаж, амьдрах, хөгжиж тоглох бүхий л бололцоог бий болгосон “Палетто” хэмээх олон улсын байгууллага байдаг. Тус байгууллагыг үүсгэн байгуулагч Наоко Танигучитай Монголд ажиллах үеэр нь цөөн хором хөөрөлдөө.


-Танай ТББ-ын нэрийг “Палетто” хэмээн нэрлэдэг. Байгууллагын гол зорилго юу вэ. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-“Палетто” ТББ маань оюуны ялгаатай чадамжтай хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэг үгээр хэлбэл ийм төрлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажиллах, амьдрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх зэрэг амьдралын үйл ажиллагаанд оролцоход тусалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг бүхий л бэрхшээлүүдийг шийдвэрлэснээр бүх хүн амьдрахад таатай орчны бүрдүүлсэн нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилготой ТББ юм. Анх Палетто 1983 оны долоодугаар сард “Тамариба Палетто” хэмээн байгуулагдаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны ялгаатай чадамжтой иргэдийг тоглох, хөгжих бололцоог нээж спорт, соёлын арга хэмжээнүүд, аялал, компьютер сургалт, хип хоп бүжгийн сургалт зэрэг хөтөлбөрүүдийг зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, яс үндэстэн, иргэншил зэргээс үл хамааран хэн ч оролцоход нээлттэй байж, шинэ найз нөхөдтэй болох боломж бүрдсэн юм. Мөн оюуны бэрхшээлтэй хүмүүс хөгжиж тоглож, ажиллаж чаддаг гэдгийг хүмүүст ойлгуулж эхэлсэн. Тиймээс олон шинэ салбарыг нээж өргөжсөн.

-Энэ удаа хөгжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол дараагийн удаа ямар чиглэлээр шинэ “Палетто”-г нээв?

-“Палетто” маш олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 1985 оны дөрөвдүгээр сард нарийн боовны чиглэлийн Палетто нээгдсэн. Энэ үед Японд нарийн боовны үйлдвэрүүд их байсан хэдий ч оюуны бэрхшээлтэй хүмүүс нарийн боовны үйлдвэрт ажилладаггүй байсан. Тэгэхээр энэ бол Япондоо анхны удаагийнх байсан юм. Тухайн үед оюуны бэрхшээлтэй хүмүүсийн ар гэрийнхэн тэднийг ажил хийж, нарийн боов хийнэ гэдэгт огт итгэхгүй байсан. Тэгвэл одоо оюуны бэрхшээлтэй иргэд нарийн боов, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Өнөөдөр нэг жилийн борлуулалтын орлого 20 сая иен болсон. Энэ нь монгол мөнгөөр 480 сая төгрөгийн борлуулалт хийж байна гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэлийн гурилаар печень, шагшуурган боов зэргийг зөөлхөн энгийн амтаар хийдэг бөгөөд бага насны хүүхдүүдээс эхлээд насанд хүрсэн бүх хүмүүст маш их таалагддаг бүтээгдэхүүн болж чадсан юм. Ойр хавийн дунд сургуулиад, компаниуд захиалга өгдөг. Мөн үйлдвэрлэл явуулж буй байрандаа кафе ажиллуулдаг тул орон нутгийн иргэд ч өргөнөөр үйлчлүүлэх дуртай газар болсон.

-Мэдээж гар урлалын чиглэлээр бас үйл ажиллагаа явуулдаг байх?

-Тэгэлгүй яахав. Одоо Японд оюуны бэрхшээлтэй хүмүүс хаа сайгүй янз бүрийн хөдөлмөр эрхэлж, ажиллаж амьдарч байна. “Хайр татмаар туулайнууд” гэсэн бүлэг ажилладаг. Бэлдсэн туулайн чихмэлийг оюуны бэрхшээлтэй хүмүүс чимэглэдэг. Ер нь гар аргаар жижиг бараа, эдлэл чимэглэл голлон эрхэлдэг бөгөөд загвар хийцийн хувьд өвөрмөц, цор ганц, дахин давтагдашгүй загвараар тухайн хүний онцлогийг шингээсэн бүтээлүүд гардаг. Богино цагаар ажиллуулах, гэрт нь ажиллуулах зэргээр хүн нэг бүрт тохируулсан уян хатан арга барилаар хөдөлмөр эрхлэх боломж гаргаж өгөхийг зорин ажиллаж байна.

-Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн ар гэрийнхэнд маш их дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг. Тухайлбал, тухайн гэр бүлээс нэг хүн нь байнга ажилгүй байж оюуны бэрхшээлтэй хүнээ асарч халамжлах хэрэгтэй болдог. Гэр бүлийнхэн рүү нь чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уу?

-Яг ийм зүйлийг ажиглаад оюуны бэрхшээлтэй хүмүүс хамтаараа амьдардаг групп хоме ажиллуулах болсон. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийг зөвхөн гэр бүлийнхэн нь асраад халамжлаад явдаг. Тэднийг нийгэмд гаргахгүй байхаар тухайн хүнд ч хүндээр нөлөөлдөг. Эцэг эхчүүд өөрсдөө мөнх амьдрах юм шиг ханддаг. Тиймээс оюуны бэрхшээлтэй хүмүүс хамтдаа найзалж, ажиллаж, амьдрах бололцоог нээж бүлгээр амьдарч эхэлсэн. Хамтран амьдрахад янз бүрийн туршлага хуримтлуулах бөгөөд тэр туршлагаараа тухайн орон нутагтаа хүн шиг амьдарч, бие даан амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч байгаа нөхөрлөлөөр дамжуулан хүнтэй харилцах, нийгэмших нь хүн тус бүрийн хувьд хөгжих боломжийг нээж өгч байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй иргэд хоорондоо харилцахыг чухалчилдаг бөгөөд биеэ дааж сурдаг юм.

-Та өөрөө Палетто олон улсын байгууллагыг ахалж ажилладаг. Хэчнээн улсад салбарлаж ажиллаж байна вэ?

-1999 оны 9 сард анх Шриланк улсад нээсэн. Тэгээд 10 жилийн турш сургагчдыг бэлтгэж сургасан. 2009 онд Шриланкад иргэний дайн гарч, аюулгүй байдал алдагдсан учраас тэр улсаас гарахаас аргагүй болсон. Гэхдээ сургаж бэлтгэсэн оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсээ тус улсын хамгийн том нарийн боовны үйлдвэрт ажиллуулах санал гаргасан. Гэтэл тус үйлдвэр маш сайхан хүлээж аваад ажиллуулсан. Өнөөдөр тус улсын хамгийн том нарийн боовны үйлдвэрт 15 оюуны бэрхшээлтэй, 5 энгийн хүн ажиллаж байгаа. Манай байгууллага хил хязгаарыг давж, харах өнцгөө өргөжүүлэн, Палеттогийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхийн тулд азийн орнуудад зохион байгуулагддаг Азийн оюуны бэрхшээлтэй иргэдийн олон улсын бага хуралд гишүүдээ оролцуулахад дэмжин ажилладаг. Үүнээс гадна ихэвчлэн азийн орнуудаас дадлагажигч оюутан хүлээн авч ажиллуулах, баяр ёслолын хөтөлбөр гаргах, ажилчдын гадаадаас туршлага хуримтлуулан суралцах зэрэг гадаад орнуудтай холбоотой ажлыг эрхэлдэг. Манай байгууллагын гол зорилго бол оюуны бэрхшээлтэй хэдий ч хүн хөгжиж тоглож, ажиллаж, амьдрах ёстой. Ингэж эрхээ хамгаалах ёстой гэдгийг уриа болгодог.

-Хөгжлийн бэрхшээлтэй тэрдундаа оюуны бэрхшээлтэй хүнтэй ажиллаж, амьдарч, ойлголцоно гэдэг бэрх. Та өөрөө ийм хүмүүстэй ажиллаж, тэднийг сургаж байгаа учир энэ талын мэргэжлийн хүн үү?

-Би энэ байгууллагыг 40 настай анх эхлүүлж байлаа. Өдгөө 37 жил өнгөрчээ. Би их өндөр настай болжээ. Өндөр насаллаа гээд энэ бүхнийг зүгээр орхихыг хүсээгүй. Тиймээс дараагийн үеэ бэлтгэж сургасан. Одоо энэ байгууллагыг үргэлжлүүлээд ажиллах мэргэшсэн боловсон хүчингүүд бий болсон. Гэхдээ мэдээж энэ бүхнийг би ганцаараа бүтээнэ гэж юу байхав. Маш олон хүн тусалж дэмжиж байсан. Оюуны бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг мэргэжлийн хүмүүсийг урьсан. Сайн дурын ажилчид ч их тусалсан. Тухайлбал, хип хоп бүжиг сонирхдог нэг залуу оюутан байхдаа манай байгууллага дээр ирж дадлага хийж байсан юм. Түүний нэрийг Миата сан гэдэг. Одоо бол мэргэжлийн бүжигчин болсон хэдий ч өнөөдрийг хүртэл манай байгууллага дээр ажиллаж, хип хоп бүжгээ заадаг. Түүний бүжгийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гээд олон хүн ирж суралцдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүмүүстэй хамтдаа байх бололцоог нээж байгаа юм. Мөн оюутнуудыг ихээр татаж ажиллуулдаг. Одоо оюутан байхаасаа эхэлж Палеттод ажилласан хоёр хүн байдаг. Тэгэхээр ийм ажилд сэтгэлээрээ орж ажилладаг сайн дурын хүмүүс их байдаг. Тэдэндээ маш их талархаж байна.

-Өнөөдөр та Монголд ямар ажлаар ирсэн бэ?

-Есдүгээр сарын 21-нд “”Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” гэсэн үзэсгэлэн худалдаа болно. Энэ арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Японы талаас “Палетто” ТББ, Монголоос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо” хамтран зохион байгуулна. Энэ нь оюуны ялгаатай чадвартай хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг харуулж, тэдний бүтээлийн үзэсгэлэн худалдаа болно. Энэ үеэр та нийгмийн олон өнгөнүүдийн нэг хэсэг хэрхэн тод гялалзаж байгааг харах болно.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.