Европын чөлөөт худалдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзжээ

2019-11-14 Гадаад харилцаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хенри Гетазтай 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Женев хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ЕЧХХ-ны хооронд 2007 онд байгуулсан Хамтарсан тунхаглалын хэрэгжилтийг хангах хүрээнд Хамтарсан хорооны 3 дугаар уулзалтыг 2020 оны эхээр зохион байгуулах, Монгол Улс, ЕЧХХ-ны хоорондын хамтын ажиллагааг цаашид шат ахиулах зорилтын хүрээнд талуудын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЕЧХХ-ны зүгээс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар ярилцав.

Европын чөлөөт худалдааны холбоо 1960 онд байгуулагдсан ба Швейцар, Норвеги, Исланд, Лихтенштейн гэсэн 4 гишүүнтэй. ЕЧХХ-ны гишүүн орнууд нь эдийн засгийн өндөр чадавхитай, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнууд юм.

Европын чөлөөт худалдааны холбоо нь бусад улс орнуудтай Хамтарсан тунхаглал байгуулах, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах хэлэлцээ эхлүүлэх болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх гэсэн 3 үе шаттай худалдааны хамтын ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Женев хотноо төвтэй тус холбоо нь одоогийн байдлаар нийт 29 чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулаад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.