Хүүхдийн мөнгийг төрийн сангаар олгоно

2019-10-2 Засгийн газар

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Үүний нэг нь хүүхдийн мөнгө олгохтой холбоотой журмын өөрчлөлт аж.

Одоогоор хүүхдийн мөнгийг Монголбанкаар дамжуулан, арилжааны банкаар олгож байгаа. Тэгвэл өнөөдрийн гарсан өөрчлөлтөөр хүүхдийн мөнгийг Төрийн сангаар олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө Төрийн сангаар дамжиж, арилжааны банкаар тухайн хүүхдийн дансанд орох юм байна. Энэ нь хүүхдийн мөнгө олгох шат дамжлагыг багасгаж байгаа хэрэг гэж Засгийн газрынхан үзжээ. Иймээс Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр мөнгө байршдаг байх зохицуулалтыг хийжээ.

Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгожээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Засгийн газрын ХМОНХХ-ийн даргаар Ц.Ганзориг хэвлэлийхэнд танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 250 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргалаа. Өмнө нь 150 га газрыг газрын тосны үйлдвэрийн тусгай хэрэгцээнд аваад байсан бол нэмэлтээр 250 га газрыг мөн тусгай хэрэгцээнд авснаар нийтдээ 400 га газрыг газрын тос боловсруулах үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авч байна. Энэ сарын 08-ны өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчилна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцана. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд маш богино хугацаанд хийгдэж дууссан. Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам зэрэг хийгдэж дууссантай холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөх ажил ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Үйлдвэрийн ТЭЗҮ ирэх арваннэгдүгээр сар гэхэд эцэслэгдэн гарна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсноо Энэтхэгийн тал илэрхийлсэн. Ингэснээр 1 тэрбум 260 сая ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2023 он гэхэд хийгдэж дуусна.

Тус газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 600-700 орчим ажлын байр бий болж, ам.долларын гадагшаа урсгал жилдээ 20-30 хувиар буурна. Өөрөөр хэлбэл, 1 тэрбум ам.доллар Монголдоо үлдэж төгрөгийн ханш ам.долларын эсрэг мөн 20-30 хувиар чангарах боломжтой. Ингэснээр иргэдийн бодит орлого өсч, улсын болон орон нутгийн татварын орлого нэмэгдэх, дотоодоосоо шатахуунаа худалдаж авах, гаднын зах зээлийн үнийн савлагаанд өртөхгүй байх зэрэг олон эерэг талтай” гэлээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.