Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ажилтай танилцлаа

2019-09-27 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат барилгачин, Хошууч генерал Х.Жүгдэрнамжилийн нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ажилтай өнөөдөр танилцлаа.

Барилгын цэргийн хэмээн нэрлэдэг тус анги барилга угсралт, төмөр бетон материал хийцийн үйлдвэр /мужааны, вакум цонхны, агааржуулалт, халаалтын тогоо үйлдвэрлэлийн зэрэг цех багтана/ гэсэн үндсэн салбартай гэдгийг тус ангийн захирагч, ахмад Т.Амартүвшин танилцуулсан юм.

Энэ анги 16 хүртэлх давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төслийн ажил боловсруулах, барилга-инженерийн ангиудын барилгын бага мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг байна. Энэ хүрээнд барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, бетон арматурчин зэрэг өргөн мэргэжлээр 2009 оноос эхлэн алба хаагчдад хос мэргэжил эзэмшүүлжээ. Барилга угсралтаас гадна төмөр бетон материал хийцийн үйлдвэр нь нүхтэй блок, эко хавтан, авто болон явган замын хашлага, 2-3 давхар шиллэгээтэй вакум цонх, хаалт, төрөл бүрийн металл хийц, ширээ сандал, тавцан, сүүдрэвч гээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед барилгын цэргийн суурь болсон 017 дугаар анги бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцох ёстой гээд энэ асуудалд анхаарал хандуулахыг ЗХЖШ-ын дарга А.Ганбатад үүрэг болгосон юм. Мөн энэ ангийн барилгын угсралтын мэргэжилтэн, техник хэрэгслийг бүрэн ашиглаж, аливаа бүтээн байгуулалт, тендерт оролцуулдаг болох асуудлаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.