Шилжилт хөдөлгөөнийг маргааш 18.00 цагаас зогсооно

2017-04-25 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ирэх арав хоногийн дотор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ний дотор  нийтэд мэдээлэх юм. Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох учиртай.

Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн санал авах бөгөөд зургадугаар сарын 10, 11-ны өдрүүдэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Энэ тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү тушаал гаргажээ. Тушаал ёсоор энэ сарын 26-ны 18.00 цагаас эхлэн зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм байна.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.