ОХУ-ын эрдэмтэд газрын тос олборлох шинэ технологи олжээ 

2017-08-11 Ертөнц

Орос орны газрын тос, байгалийн хийн арвин нөөц нь баялагийн хараал болж байгаа эсэх, нефтийн хаягдсан цооногуудыг дахин хэрхэн ашиглах, барууны эдийн засгийн хориг арга хэмжээнүүд тус улсын түүхий эд олборлолтонд хэрхэн нөлөөлөх болон бусад асуудлуудаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Газрын тос, байгалийн хий судлалын хүрээлэнгийн академич Анатолий Дмитривскийн ярилцлагыг хүргэе.

Та газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхийг дэмждэг гэтэл бэлэн баялаг биднийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж бусад салбараа хөгжүүлэхэд саад болж байна гэж үздэг эдийн засагчид цөөнгүй. Жишээ нь өндөр технологийн салбар манай эдийн засгийн дөнгөж нэг хувь. Бид байгалийн түүхий эдээс улам хараат болоод байна уу даа?

Түүхий эдээс хараат эдийн засаг гэсэн нөгөө л “хадны мангас”-ын талаар ярихын өмнө АНУ-д юу өрнөж байгааг харъя л даа. Тэнд ойролцоогоор 7 жилийн өмнөөс занарын хувьсгал эхэлсэн. Харин өнөөдөр тэд нефть, байгалийн  хийн олборлолтоор дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн үед тус улсын эдийн засаг тогтвортой өсөж, ажилгүйдлийн түвшин буурч, хямд шатахуун хэрэглэж байна. Тийм учраас их хэмжээгээр олборлосноор түүхий эдийн хараат болохгүй. Харин баялгаа хэрхэн ухаалаг зөв ашиглах нь асуудлын гол.

Оросын эдийн засгийг хөгжүүлэх 12 загварчлал бий. Үүнд өнөөдрийн түүхий эдийн-экспортод суурилсан загвар ч бий мөн нөөцийн инноваци дээр тулгуурласан загвар ч бий. Эхний загвараар явбал бид дотоодын нийт бүтээгдэхүүнээ 100 жилийн дараа л 2 дахин нэмэх байх. Гэтэл энэ зорилтыг 10 жилийн дотор биелүүлнэ гэдгээ ерөнхийлөгч Путин мэдэгдсэн шүү дээ. Чухам иймээс нөөцийн инноваци дээр тулгуурласан стратегийг хэрэгжүүлж байж л бид зорилтоо биелүүлнэ.

Гэхдээ бид сүүлийн 20 жилд их наяд доллараар хэмжигдэх түүхий эдийг гадагш нь гаргасан. Нөгөө яриад байгаа инноваци, шинжлэх ухаан-технологи хаа байна вэ?

Баялгаа ухаалаг зарцуулах нь чухал гэдгийг дахин онцолмоор байна. Түүхий эдээ зарсанаар өндөр технологи хөгжлүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болно. Мөн эдийн засгийн бусад салбараа ч өөд нь татаж санхүүжүүлэх чадвартай болно. Нэг үгээр хэлбэл нефть нь инновацийг хэрэгжүүлэх зүтгүүр болох ёстой. Үүнд л нөөцийн инновацийн мөн чанар оршино.

Хялбар аргаар олборлодог цооногуудын нөөц удахгүй дуусч олборлоход төвөгтэй орд газруудыг ашиглах шаардлага гарна. Саяхан л гадныхны тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлээд төвөгтэй орд газруудаа хөдөлгөнө, асуудалгүй гэж салбарыхан нь ярьдаг байсан. Гэтэл барууны хоригоос болоод энэ боломжууд хаагдаж байна. Обамад баярлалаа гэж хэлэх л үлдэх шив дээ?

Нэг талын таны зөв л дөө. Үнэхээр бидэнд шинэ тоног төхөөрөмж, техник, технологийг бие даан нэвтрүүлэх, бүтээх амаргүй шаардлага тулгарна. Манай эрдэмтэд болон компаниудад ийм чадвар бий гэдэгт итгэж байна. Хуучин ордуудаа тэр битгий хэл хаягдсан цооногуудаа дахин ашиглах, мөн төвөгтэй ордуудад олборлолт явуулах технологи бидэнд байгаа. Оренбург мужид газрын тосны тун өвөрмөц маш том орд илрүүлсэн. Түүнийг олборлосноор бид нефтээс газрын ховор металл хүртэл олборлож авна. Зах зээл энэ нь түүхий нефтээс хэдэн арав бүр зуу дахин үнэтэй шүү дээ.

Эхлээд хуучин ордуудын тухай хөндөе. Энэ ордуудын 95-98 хувиас нь ус харин дөнгөж 2-5 хувийн нефть гарч байгаа нь нууц биш. Ийм ордуудыг үнэхээр дахин ашиглах боломжтой гэж үү?

Нефтийн пласт давхарга руу ус шахаж газрын тосоо дээш нь хөөж гаргах явдал Зөвлөлтийн үеэс л хамгийн өргөнөөр ашиглагддаг байсан технологи. Үр дүн нь ч гайхалтай байсан. ЗХУ ахархан хугацаанд газрын тосны олборлолтоор тэргүүлэгчдийн эгнээнд шилжсэн. Харин өнөөдөр эдгээр цооногуудаас ус нь эргээд гарч эхэлсэн. Гэтэл тухайн ордуудын нөөцийн 50 хувь зарим тохиолдолд 70 хүртэл хувь нь олборлогдоогүй байгаа. Энэ бол ойролцоогоор 3.9 тэрбум тонн. Шинэ технологийн тусламжтайгаар бид эдгээр ордуудын ашиглалтын хугацааг сунгаж чадна.

Энэ нь ямар технологи вэ?

Юуны түрүүнд “Темпоскрин-люкс” гэдэг технологи бий. Урьдны ус шахах технологиор ус нь нефтийн пластаас хамгийн хялбар хэсгийг л хөөж гаргаж ирдэг байсан. Харин тусгай /реагент/ химийн урвалж бодис ашигласнаар усны гүйдэг байсан хуучин сувгуудыг хаах болно. Ингэхээр ус нь олборлогдоогүй үлдсэн нефтийн пласт давхрага руу шахагдан очиж газрын тосоо хөөж гаргах болно.

Энэ нь хамгийн хямд технологи гэдгийг онцолж хэлмээр байна. Ердөө л нэг баррель тосыг олборлоход 1,2  доллар болно. Гэтэл сүүлийн үед багагүй яригдаж байгаа хойд туйлын бүс дэх олборлолт 70-80 доллар, зарим газар 100 долларын өртөгтэй болж байгаа шүү дээ.  Иймээс л шинэ, хямд технологи нэвтрүүлэн хуучин ордуудын ашиглалтын хугацааг 20-40 жил сунгах нь зардал ихтэйгээр шинэ орд газруудыг ашиглахаас хавьгүй дээр юм.

Зөвхөн хуучин ордуудыг дахин ашиглах ч биш мөн аль хэдийн судлагдсан гэж үзэж байсан бүс нутгуудад хайгуулын ажлыг дахин хийж шинээр орд газар илрүүлэх дэвшилтэт технологи байна. Энэ бол геологийн хайгуулын сейсмотомографи аргачлал. Энгийнээр хэлбэл газрын хэвлийгээс ирж буй дохиог чагнах техник. Үүнийг комьпютерийн программаар задлан шинжилж нефтийн нөөцийг тогтооно гэсэн үг. Дашрамд дурьдахад энэ аргыг дэд бүтэц хэдийнэ татагдсан, боловсон хүчний хүрэлцээ хангалттай бүс нутгуудад хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Огт цоо шинэ юмыг хийх, бүгдийг эхнээс бий болгох гэж их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй гэсэн үг.

Дээрх технологиуд манай хүрээлэнд боловсруулагдсан “Хуучин ордуудыг сэргээх” хөтөлбөрт багтаж “Россгеологи” нийгэмлэгээр батлагдсан.

Гэхдээ эдгээр нь хялбар олборлогддог нефть. Удаан хүрэлцэхгүй. Бидэнд эс хүссэн ч өртөг ихтэй олборлоход хэцүү ордуудыг ашиглах шаардлага гарна биз дээ? Үүнийг хийх өөрийн технологи бидэнд бий юү?

Олборлоход төвөгтэй гэж буй нефть нь хүнд, өтгөн, зунгааралдсан шинж чанартай юм. Маш их нөөцтэй нь тогтоогдсон. Эдгээр газрын тосны заримд нь төмөр агуулагддаг. Үүнд хувьсамтгай соронзон орноор нөлөөлснөөр шинж чанарыг нь өөрчилж олборлох арга бий. Энгийнээр хэлбэл газрын тосыг сайтар зайлна гэсэн үг. Хэрэв энэ төрлийн газрын тосонд төмөр байхгүй байсан ч зориудаар бий болгож дээрх аргыг хэрэглэж болно. Мэдээж хэрэг энэ аргыг хэрэглэхэд маш хүчтэй соронзууд хэрэг болно. Үүнийг бид хэдийнэ туршиж үзсэн бөгөөд үр дүн нь сайн байгаа.

Мөн Я.Зельдович, А.Молчанов, В.Николаевск нарын оросын эрдэмтэдийн нэвтрүүлсэн плазмын аргыг хэрэглэж болно. Плазм энерги асар хүчтэй цохилтын долгион үүсгэснээр нефтийн пласт давхаргыг задалж өгнө. Ингэснээр  1.5 км хүртэл урттай гүнийн судал, сувгууд бий болж түүгээр дамжин газрын тос цооногуудад очино. Үүнийг Роман Абрамович патентаар манайхаас авсан. Одоо АНУ-д хаягдсан цооногууд дээр амжилттай ашиглаж байгаа.

Иймэрхүү аргыг занарын хий, тосыг олборлоход ашиглаж болох уу?

Мэдээж болно. Бүр америкчуудын аргаас ч илүү үр дүнтэй, илүү байгальд ээлтэйгээр. Тэд олон үе шатлалтай тэсрэлт хэрэглэдэг. Үүндээ 60-80 төрлийн химийн найрлага ашигладаг. Энэ тэсрэлтийн явцад газрын гүнд үүссэн хөндлөн судлуудаар дамжин хөрсний усанд хорт бодис шингэх аюултай. Чухам иймээс Европт үүнийг хэрэглэдэггүй. Манай плазм-импульсийн арга нь хуурай бөгөөд гүний усанд шингэх хорт бодис ашигладаггүй.

Эцэст нь хэлэхэд барууны орнуудын элдэв хоригт сандраад байх зүйл алга байна. Манай шинжлэх ухаан, технологи тэднээс дутахгүй зарим талаараа илүү гарна.

Анатолий Николаевич Дмитривский нь геолгоги, хайгуул, нүүрс устөрөгчийн олборлолтын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ОХУ-ын эрдэмтэн бөгөөд тус улсын газрын тос, байгалийн хийн салбарын бодлогыг тодорхойлогчдын нэг юм. Нийт 11 орд газрыг шинээр нээж 700 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ.

Г.Пүрэвсүрэн

 

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.