МАН-ынхан их сунгааны мөрөө, АН-ынхан засаглалаа тогтоохоор чармайж байна

2019-09-10 slider

“Хаан хүн алдаж болохгүй, хатан хүн урваж болохгүй, харц хүн цөхөрч болохгүй” гэж Чингис хаан өгүүлсэн байдаг. Гэвч урьд цагийн төрийн жинхэнэ хар хүн ховордсон, албан тушаалаа эзний ёсоор хүлээлгэн өгч чаддаггүй хармын сэтгэл тээсэн хар толгойтнууд энэ төрд өрөмний өт шиг л олшрох болж. Тэдний жинхэнэ төрхийг их сунгааны өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эл цагаар харахад ард түмэнд таатай бус уу…

Нэр бүхий 62 гишүүн саналаа нэгтгэж гаргасан өөрчлөлтийн төсөл гэж урьд өмнө нь сонсож байсан уу, та. Нэг нам дарангуйлсан эцэг хуулийн өөрчлөлт ямар ханзааны үр дүнтэй байх бол. Үнэндээ МАН-ынхан олонхоороо түрүү барьж, эцэг хуулийг өөрийн зүгт эргүүлэхийг чармайж байна. Ямар сайндаа Ерөнхийлөгчийг “эзгүй” хойгуур дэмжинэ хэмээн зөвшилцсөн саналуудаа хасч АН-ынхны аазгайг хөдөлгөв бололтой. Тиймдээ ч энэхүү үйл явдалтай давхцан өнгөрсөн баасан гаригаас эхлэн прокурорын байгууллагаас ЖДҮ, 60 тэрбум болон олны анхааралд байсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ гэх шум өвсөнд тавьсан түймэр шиг л дэгдэх боллоо. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч өөрийн өргөн барьсан саналуудаа ч татан авахаа мэдэгдэв. Энэ мэтчилэн МАН-ын бүлгийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн санал бараг л тусаагүйгээс тэрбээр улс төрөө эхлүүлж байгаа бололтой. Гэхдээ ч Ерөнхийлөгч энэ цаг үеийг хүлээж байсан биз. Одоо л түүнд улс төрийн нүүдэл хийх цаг үеийн тохироо нь бүрдэв бололтой.

Зүй нь тэрбээр Ард нийтийн санал асуулгад “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэх асуулт нэмэхийг МАН-ынханд  тулгалаа. Уг нь хууль эрх зүйн хувьд Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг МАН-ын бүлэг ч УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсээс ч тайлбарласан. Ерөнхийлөгч, МАН-ынхны хэн хэн нь парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглалын аль альныг ард нийтээс асуух боломжгүй гэдгийг мэдэж буй. Гэвч төрийн тэргүүн хэмжээ хязгааргүй шунал хүслээ ичиж нэрэлхэлгүйгээр, хууль зөрчин байж дэлгэв. Тэгэхээр л тэр энэ цаг үеийг хүлээж байж…

О.МӨРӨН

 

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.