Л.Оюун-Эрдэнэ: “Эрэл”, “Хөтөл” ХК, “Кю Эс Си” ХХК зэрэг компаниуд улсад их хэмжээний хохирол учруулсан

2019-09-5 Засгийн газар

-Зээлээ төлөөгүй зургаан компанийг төрд хохирол учруулсан гэж үзэн Прокурорт хандлаа-

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны томоохон зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тодруулбал, ЗГХЭГ-аас Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ер нь төрийн эрх ашиг хохирсон тохиолдолд хойноос нь хэн явах вэ гэдэг маргаантай асуудал. Ийм байдалтай бид 20 гаруй жил явжээ. Төрөөс зээл авсан тохиолдолд тухайн хохирсон компанийн асуудал яригддаг харин төр хохирсон бол дуугүй орхисоор явж ирлээ. Тиймээс ЗГХЭГ-аас Прокурорын тухай хуульд төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл Монгол Улсын хууль цаазын тэргүүн төлөөлөхөөр заасан. Иймд Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй компаниудыг Монгол төрд хохирол учруулж байна гэж үзсэн. Зээлээ хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “Эрэл”, “Хөтөл,” “ТОСК”, “Мон милк”, “Кью Эс си”, “Капитал” банк гэсэн өндөр дүнтэй зээл авсан зургаан байгууллагын асуудлыг Прокурорт хүргүүлж байна. Төрийн ашиг сонирхол зөрчигдсөн учраас Хууль цаазын тэргүүн үүргээ гүйцэтгэх ёстой гэж үзсэн” гэлээ.

“Жаст” групп Өмнөд Африкийн Стандарт банкнаас 160.1 сая долларын зээлд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх асуудлыг АТГ шалгаж буй. “Стандарт” банкинд 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргаж төлсөн асуудалд төр хохирсон. Цаашид нийтийн эрх ашиг зөрчигдсөн, Сүхбаатарын талбайгаа хувийн хэвшилд өгчихөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хаадаг байдлыг болиулах үүднээс энэ бичгийг явуулж байгаагаа тэрбээр мөн хэлсэн юм.

Энэ манайд шинэ харилцаа бөгөөд өмнө нь Улсын ерөнхий прокурорт бичиг хүргүүлж байсан тохиолдол байхгүй аж. Цаашид нийтийн болон төрийн албанд хохирол учирсан бол хандаад явах ёстой. Төрийн албанд хохирол учирсан бол хойноос нь явдаг чиг үүргийн байгууллага төрд байх ёстой гэдгийг ч Л.Оюун-Эрдэнэ мэдээлэлдээ тодотгосон.

Дээрх нэр бүхий зургаан компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй, зарим компани барьцаа хөрөнгөгүй хэр нь 400 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.