Нэг компаниар туг тахиж шударга царайлах нь инээдтэй харагдаж байна

2019-08-15 Байгаль орчин


XX зууны манлай, монголч эрдэмтэн Б.Ренчин гуай нэгэн цагт “Хаяанаасаа холдож үзээгүй хүний бодол босго давдаггүй юм” гэж нэгэн цагт хэлсэн байдаг. Үнэхээр ирэх сунгааны анир орсон эл өдөр, хоногуудад том дарга нар түмэн олонд гоё харагдахын тулд юу ч хийхэд бэлэн байна. Ард түмний нэр барьсан хэдэн гороологчид хаана юу гэж орилно, асуудлыг хэрхэн дэвэргэнэ тэнд л нөгөө “шударга ёс” нь үнэд орох болж. Үнэн чанартаа Монгол Улсад шударга ёс хаана байна?

Хэдэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших, Улаанбаатар хотоос 1,000 км-ийн цаана орших Тост тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан суварга” орд газрыг төрийн мэдэлд авах лүндэн буулгаад жилийн нүүр үзлээ. Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тус ордыг хураах нь бүү хэл эл яриа өнөөдөр ор тас мартагдах шахжээ. Харин нийтийн, массын сонирхол, савлалтаар сэтгэлийн хөдлөлт, эмоцоороо шийдвэр гаргадаг эрх баригчид нэг өдрийн дотор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий тус ордын зөвшөөрлийг хуу хамав. Үнэхээр Ерөнхий сайдтан гуай шударга ёсыг хүссэн бол Цагаан суваргыг яагаад үлдээв, энэ чинь шударга ёс мөн үү.

Түүгээр зогсохгүй одоогийн байдлаар Тост тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгогдоод байгааг холбогдох албаныхан дуу сулхан хэлж сууна. Нэр бүхий таван компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээтэй. Нарийн сухайтын бүлэг ордоос Хятад, Солонгосын хөрөнгө оруулалттай компанийн нэр дуулдаж байна. Тэр ч бүү хэл Тост тосон бумбын нурууны гүнд тусгай лизенц эзэмшиж олборлолт хийснийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Байгаль орчны газрын улсын байцаагч хэлж буй юм.
Гэтэл эдгээр компанийн тусгай зөвшөөрлийг яагаад цуцлахгүй, хуулийн гадна үлдээв. Үнэхээр Тост тосон бумбын нурууг тоосонд даруулж байгаа компани нь аль нь вэ гэдгийг хийсвэрлэх бус хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нягтлуулж байж асуудалд хандахгүй бол хэт туйлширсан шийдвэр болчихлоо. Ганц компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоолоо гээд юу өөрчлөгдөх вэ. Олон түмэнд таалагдах гэж ганц компаниар туг тахисан дүр үзүүлээд, бусдыг нь ух гээд орхихоор үр дүн нь хэрхэх бол…

Үнэн чанартаа эдгээр компанид зөвшөөрөл өгснөөс эхлээд өдийг хүртэл ямар нэг шийдвэр гаргасан төрийн байгууллагуудын сайд, дарга, мэргэжилтнүүдийн нэрийн жагсаалтыг гаргаад, буцааж нэг харвал ямар дүр зураг харагдах вэ. Тэд өнөөдөр бүгд ажлаа хийцгээгээд, өөр компаниудад тусгай зөвшөөрөл өгөөд явж байгаа. Тиймээс л өмнөх бүх шийдвэр нь хууль бус юм бол хууль ёсны шийдвэр л гаргах ёстой төрийн түшмэд хэнд үйлчлээд байна вэ?

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.