Блог төрлийн контент таны бизнест хэрэгтэй байх 7 шалтгаан

2021-11-1 Подкаст
Өмнө нь амжилттай сурталчилгаа төсөв мөнгөнөөс ихээхэн шалтгаалдаг байсан бол өнөөдөр толгойгоо хэр сайн ажиллуулахаас шалтгаалдаг болоод байна. Хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдөж байна. Тэд интернетийн ач тусаар их мэдээлэлтэй болсноор зар сурталчилгаанаас залхах боллоо.

Бизнес эрхлэгчид хэрэглэгчдийнхээ шинэ хандлагад үйл ажиллагаагаа хэрхэн нийцүүлэх вэ?

Тэдний хойноос хөөцөлдөх биш, харин тэд таныг хайж олдог байхаар сурталчилгааныхаа арга барилыг өөрчлөх хэрэгтэй болж байна.

Гүүгл хайлтын системээс хайлт хийж байгаа хүмүүсийг, гэхдээ яг танай бизнесийг хайж байгаа хүмүүсийг вэб сайтдаа ирүүлэх нь үнэгүй урсгал байхаас гадна худалдан авагчид болох өндөр магадлалтай байдаг.

Google-ийн мөн чанар нь юу вэ?

Гүүглийн зорилго бол хайлтын системд хийгдэх төрөл бүрийн хайлтуудад яг тохирох, хамгийн сайн тайлбар бүхий контентийг гаргаж ирэх явдал юм.

Нөгөө талд аудитын, маркетингийн, санхүүгийн, хуулийн гэх мэт төрөл бүрийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд интернетээс зорилтот хэрэглэгчидээ олох, вэб сайтдаа аль болох их урсгал ирүүлэх зорилготой байдаг.

Хайлтын системээс, гэхдээ яг бизнестэй нь холбоотой түлхүүр үгүүдээр хийх хайлтуудад дээгүүр гарч байж л зорилтот хэрэглэгчидийнхээ урсгалыг авах боломжтой болно. Учир нь хайлт хийж байгаа нөхдүүдийн 80 орчим хувь нь Гүүглийн илэрцийн эхний гурвыг нь л дарж үздэг.

Гүүгл мэдээлэл хайж байгаа хүмүүст яг хэрэгтэй мэдээллийг нь хүргэхийн тулд онлайн бизнес эрхлэгчдийг контент үйлдвэрлэгч болгож ашигладаг. Хамгийн сайн контент хийж байгаачууд нь хамгийн дээр, удаах нь хоёрт гэх мэт байрлана. Тэднийг сайн контент хийснийх нь төлөө вэб сайтыг нь хайлтад дээр гаргах замаар урсгал их очуулаад шагначихаж байгаа хэрэг.

Ингэхээр онлайн бизнес эрхлэгчид ашиг, орлого, интернет орчин дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд маш сайн контент хийхийг зорих болно. Нөгөө талд мэдээлэл хайж байгаа хүмүүс яг хэрэгтэй мэдээллээ амархан олоод авчихна. Ямар ч төрлийн мэдлэг, мэдээллийг олж авахад хэцүү биш болсоор байна.

Жишээ нь: Нягтлан бодох бүртгэлийн сургалт үзүүлдэг байгууллагын хэрэглэгч болох магадлалтай хүмүүс гүүглд ямар мэдээлэл хайх вэ? Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, хэрхэн санхүүгийн тайлан гаргах вэ? гэх зэргээр хайлт хийх нь мэдээж. Тэр бүгдэд хариу өгсөн контентууд бэлдээд хайлтын системд оновчлоод байхад интернетээс зорилтот хэрэглэгчидээ олоод байх боломжтой болно. Үүнд мэдээж блог гол үүрэг гүйцэтгэнэ.

Блог төрлийн контент таны бизнест хэрэгтэй байх 7 шалтгаан

– Хайлтын системээс зорилтот хэрэглэгчдийн урсгалыг үнэгүй авна.

– Яг танай бүтээгдэхүүн, үйлчилгээг л сонирхох худалдан авагч болох магадлалтай хүмүүсийг ирүүлнэ.

– Хэрэглэгчдийнхээ асуултуудад хариу өгөөд байх нь тэдэнд итгэл төрүүлдэг бөгөөд ирээдүйн харилцагчидаа бэлдэж байгаа явдал юм.

– Тухайн салбартаа туршлагатай болохоо харуулна.

– Интернет орчин дахь байр сууриа нэмэгдүүлнэ.

– Вэб сайтаар зочлогсдыг байнга буцаж ирүүлэх шалтгаан болно. Вэб сайт хүмүүст хэрэгтэй болно.

– Сайтаар зочлогсдод хэрэгтэй мэдээллийг хүргээд худалдан авалтанд бэлдээд байх боломжтой болно.

Блогтой буюу үр дүнтэй сайт ямар байх ёстой вэ?

– Блог удирдах хэсэгтэй байх.

– Вэб сайтад зочлогсдыг бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох хуудсанд очуулахад туслах “Үйлдэлд дуудах” буюу Call-to-action, газардах хуудастай байх.

– Түлхүүр үгийн судалгаа хийх.

– Хайлтын системийн оновчлол хийдэг байх.

– Вэб сайтад зочлогсдыг бүртгэж авдаг байх.

– Вэб сайтдаа шинэ мэдээлэл оруулах бүрт бүртгүүлэгчиддээ энэ тухай мэдээллийг имэйлээр хүргэдэг байх.

– Сэтгүүл зүйн чиглэлээр мэдлэгтэй буюу бичих чадвартай ажилтантай байх, эсвэл контент маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай хамтарч ажиллах.

Интернет гарч ирснээр бидний амьдралд ихээхэн өөрчлөлт гарч байгаагийн нэг нь сурталчилгааны хэрэгслүүд юм. Миний туршлагаас үзэхэд вэб сайтдаа тогтмол урсгал ирүүлдэг болоход контентийн чанараас шалтгаалаад 3-5 сар хэрэгтэй. Хэрэгжүүлж чадвал зорилтот хэрэглэгчдийнхээ хойноос хөөцөлдөх биш, харин тэд таныг хайж олдог байхаар арга барилаа өөрчлөх боломжтой болох юм.

Нэг сайн мэдээ гэвэл Монголд өнөөдөр бизнесүүд хайлтын системд байрших явдал тийм ч идэвхитэй биш байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд боломж юм. Учир нь эрт байрших тусмаа хэрэглэгчдийнхээ хийх хайлтуудад дээгүүр гарах боломжтой болно. Хэрэглэгчдийн ихэнх нь дээгүүр байгаа илэрцүүдийг орж үздэг.

Эх сурвалж: Compasso

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.