УИХ-ын эмэгтэй гишүүд Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

2019-06-26 Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын хатагтай Пунцог Чоден Церин тэргүүтэй Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа Бутан улсын төлөөлөгчдийг “Эмэгтэйчүүд – Манлайлал” 2019 олон улсын чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн асуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн тэрээр Монгол Улсад хэрэгжүүлсэн НҮБ-ын “HeForShe” олон улсын тэгш эрхийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж, хөдөлгөөний үзэл баримтлалыг тууштай дэмжин, төлөөлөл болж чадах хүнд дамжуулан өгнө үү хэмээн энгэрийн тэмдэг дурсгасан юм. Мөн уулзалтаар Монгол Улсын шат шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид тулгардаг сорилтуудын талаар болон хоёр орны хувьд ижил төстэй асуудлуудыг ярилцлаа.

Бутан Улсын төлөөлөгч хатагтай Пунцог Чоден Церин өөрийн улсад эмэгтэй парламентчдын бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. УИХ-ын гишүүн А.Ундраа эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулах санаачилгыг дэмжиж, сайн туршлагаасаа хуваалцаж, туслаж дэмжихээ илэрхийлэв.

Бутан эмэгтэй гишүүдийн хувьд, Эмэгтэйчүүд-Манлайлал олон улсын чуулганыг Монгол орон амжилттай зохион байгуулж, үр дүнтэй чуулган болсныг онцоллоо. Бутаны Парламентын дээд, доод танхимын эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгэн ажилладаг гэлээ. Монголын Парламентын эмэгтэй гишүүд олон асуудалд анхааран ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харж байна. Та бүгдээс туршлага судалж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.