МОНГОЛ-КАЗАХСТАНЫ бизнес уулзалт үр дүнтэй боллоо

2019-06-10 Гадаад харилцаа

 

Монгол-Казахстан Улсын бизнес эрхлэгчдийн худалдаа, эдийн засгийн бизнес уулзалт 2019 оны 6-р сарын 4-нд Улаанбаатар хотод болов.

Уг уулзалтыг Казахстаны талаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн Яам, Бизнес эрхлэгчдийн Үндэсний танхим “Атамекен”, Казахстаны Гадаад Худалдааны танхим, Монголын талаас Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зохион байгуулав.
Энэ арга хэмжээнд Казахстан, Монголын 120 гаруй компанийн төлөөлөгч оролцлоо. Уулзалтын үеэр Казахстаны экспортын болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны давуу тал, Казахстан, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлвийн тухай илтгэлүүд тавилаа.
Арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин, ГХЯ-ны Гадаад Худалдаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны газрын дарга В.Энхболд, Казахстаны Гадаад Худалдааны Танхимын Удирдах Зөвлөлийн орлогч дарга Н.А.Букейханов, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үйлдвэр, Дэд бүтцийн хөгжлийн яамны Экспортыг хөгжүүлэх, дэмжих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Р. Уразалиев нарын албан ёсны төлөөлөгчид оролцов.
Казахстаны Гадаад Худалдааны Танхимын ТУЗ-ийн орлогч дарга Н.А.Букейханов “Казахстанд экспорт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэж байна. Ирээдүйтэй хамтын ажиллагааны салбарууд нь дамжин өнгөрөх тээвэр, машин бүтээх салбар, эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр орж байна” хэмээв. Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, 2018 оны байдлаар Монгол Улстай Казахстаны хийсэн худалдааны эргэлт нь 74 сая ам.доллар болсон бөгөөд ирээдүйд илүү ойр хамтран ажиллах хэтийн төлөв бий хэмээн онцоллоо.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Казахстан, Монголын барилга, эрчим хүч, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, машин механизмын чиглэлийн бизнес эрхлэгчдийн хооронд хоёр талын уулзалт болов. Мөн Улаанбаатар хотын захирагчтай болон Монголын зарим бизнес эрхлэгч, жижиглэн худалдааны сүлжээнийхэнтэй уулзаж одоо хэрэгжиж байгаа гэрээг үргэлжлүүлэх, цаашид шинэ харилцаа холбоог бий болгох боломжийг ярилцлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.