Засгийн газрын хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ

2019-05-23 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

– Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын долооны өдөр Хэнтий аймагт томилолтоор ажиллах үед иргэд, эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон тосгоны удирдлага хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна. Эрүүл мэндийн төв тосгоны 856 хүн, 250-иад өрх, отор нүүдлийн 1000 гаруй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.

– УИХ, Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2018 оны эцсийн байдлаар 68.12 хувьтай байна. Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт мөн оны эцсийн байдлаар 70.8 хувьтай гарчээ.

– Энэ оны нэгдүгээр улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 206262 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасны 96.4 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгчээ. Сайд нар, яам, агентлагийн удирдлагууд иргэдээс ирүүлсэн 126765 өргөдөл, гомдлын 98.3 хувийг шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамж, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах, газар, орон сууц, хөдөлмөр эрхлэх болон санхүүгийн дэмжлэг хүсч ханджээ.

– “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав. Дээрх чиглэлээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсрол, эрүүл мэндийн болон төв, орон нутгийн захиргааны байгууллага, цагдаа, онцгой, гамшгаас хамгаалах улсын албад, дотоод, гадаадын хүмүүнлэгийн байгуулагууд хэрхэн хамтран ажиллахыг журамд заасан байна.

– “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулга, арга зүйг тусгах, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглүүлэх, эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншил, байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлан дэлгэрүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.