БНСУ-ын хилээр мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн гаргавал 10 сая воноор торгоно

2019-05-22 Гадаад харилцаа

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй иргэдийн материалыг хамгийн багадаа ажлын 50 хоногт шалгах асуудал хэвээр байна. Монгол иргэдийн зүгээс тус асуудлыг хурдлуулах тал дээр анхаарч ажиллахыг хоёр улсын холбогдох газарт санал тавьсан ч “боломжгүй” гэсэн хариулт өгсөн хэвээр. Одоогийн байдлаар тус улсыг зорих гэсэн иргэд визний хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байна.

Учир нь визний хариу удаан гарах болсон шалтгаан нь тус улсад хууль бусаар амьдрах манай улсын иргэдийн тоо нэмэгдсэнээс материал шалгах явц удааширжээ. Тиймээс иргэдийг аль болох хуурамч материал бүрдүүлэхгүй байхыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Гэхдээ ямар нэгэн байдлаар БНСУ-д яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор болсон иргэд тухайн материал авах газартаа “яаралтай виз гаргах хүсэлт”-ийг бөглөж, материалаа өгөх ёстойг хоёр талын Элчин сайдын яамнаас анхааруулж буй юм.

Түүнчлэн БНСУ-ыг зорьж байгаа иргэд гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй бол 10 сая хүртэлх вонноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах шийдвэрийг энэ сараас эхлэн гаргажээ. Учир нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн буюу гахайн халдварт өвчинг тус улсад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргаж, хилийн боомтын хяналтыг чангатгасан байна.

Одоогоор БНСУ-д Монголын 50 мянган хүн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр иргэний 20 мянга орчим нь хууль бусаар оршин суугаа иргэд аж. Тиймээс гурван сарын виз аваад зорчиж байгаа монголчууд визний хугацаагаа дуусгаад харлах явдал ихэссэн учраас тус улсын зүгээс хяналт, шалгалтыг чангатгах болсныг тус улсын Элчин сайдын яамнаас анхааруулж байгаа юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.