“Бүс ба зам” санаачилгын хүрээнд 64 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ

2019-04-29 Гадаад харилцаа

“Бүс ба зам”олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулган өнгөрсөн бямба гаригт өндөрлөжээ. Уг чуулганаар улс орнуудын удирдагчдын дугуй ширээний уулзалтын хамтарсан мэдэгдлийг баталсан байна. Хуралд оролцсон удирдагчид “Бүс ба зам” санаачилга, бусад хамтын ажиллагааны стратеги зэрэг түншлэлийн харилцааг баталгаажуулж, дэд бүс, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэгджээ.

Энэ удаагийн уулзалтаар нийт 283 төрлийн практик үр дүн, 64 тэрбум ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь хамрах цар хүрээ, үр дүнгийн хувьд өмнөх уулзалтуудаас давжээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд талуудын хамтын хүчин зүтгэлээр “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт дэд бүтцийн холболтыг үнсэндээ бүрдүүлжээ. Ялангуяа Ази, Европын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 6 том хонгил, төмөр зам, авто зам, усан зам, агаарын зам, төмөр замын хоолойн сүлжээ, мэдээллийн өндөр хурдтай сүлжээ зэргийг харилцан дэд бүтцээр холбосноор, хамтын ажиллагааны бүлэг төслүүд бий болж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятадтай “Бүс ба зам” хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Дэлхийн банкны саяхан гаргасан судалгааны тайлангаас үзвэл, “Бүс ба зам” санаачилга оролцогч орнуудын худалдааны гүйлгээг 4.1 хувиар нэмэгдүүлж, дэлхийн ачаа тээврийн хугацааг 1.2-2.5 хувиар хэмнэн, худалдааны ерөнхий өртгийг 1.1-2.2 хувиар бууруулсан төдийгүй дэлхийн шууд хөрөнгө оруулалт, худалдаа, ажлын байр, ялангуяа орлого багатай орнуудын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн байна.

Чуулга уулзалтын үеэр, хурлын төлөөлөгчид “Шударга торгоны замыг байгуулах тухай Бээжингийн тунхаг”-ийг санаачилсан нь БНХАУ болон олон орны авилгын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэл зоригийн илрэл, “Бүс ба зам”-ыг шударга зам, хуулийн засаглалтай зам болгох үйл ажиллагаа болжээ. Мөн энэ үеэр “Бүс ба зам”-ын ногоон хөгжлийн олон улсын холбоо байгуулжээ. Талууд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг “Бүс ба зам”-ын төлөвлөлтөд уялдуулан, олон улс нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм, стандарт, хамгийн сайн практикийг гаргаж, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, байгаль орчноо хамгаалах бодлогод ахиц гаргахаа илэрхийлжээ.

2018 оны эцсийн байдлаар БНХАУ “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад хилийн чанадад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулж, тухайн орон нутгуудад 2.4 тэрбум ам.долларын татвар төлж, 270 мянган ажлын байр гаргажээ. Энэ удаа “Бүс ба зам”-ын аж ахуйн нэгжийн эздийн хурал анх удаагаа болж, хуралд оролцсон аж ахуйн нэгжийн эзэд 64 тэрбум гаруй ам.долларын хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зуржээ.

Өнөөдрийн онч үг

21 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.