АНУ-тай хийж байгаа худалдааны дайн Хятадыг туйлдуулж байна

2019-04-26 Ертөнц

Хятад Улс эдийн засгийн өсөлт удааширч байгаа бодит байдлыг нууж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Гэвч 2018 оны албан ёсны мэдээллээр эдийн засгийн өсөлт нь зөвхөн 6.6 хувь байсан бөгөөд сүүлийн 28 жилийн хамгийн доод түвшин юм. АНУ-тай хийж байгаа худалдааны дайнд томоохон хохирол амсаж байгаа Хятад нь улмаар статистик мэдээллээр тоглох болов.

Хятад нь эдийн засгийн удааширлын бодит түвшинг нууж байж болох юм. Зарим үзүүлэлтээс харвал Хятад Улсын эдийн засгийн удаашрал мэдээлж байгаа түвшингээс өндөр байж болзошгүй байна.

Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг нь үндсэн хөрөнгө дэх хөрөнгө оруулалт бөгөөд энэ үзүүлэлт нь ДНБ-д нөлөөлдөг байна. 2018 онд энэ үзүүлэлтийн ДНБ-д эзлэх хувь 32 орчим байсан юм.

Хятадын Үндэсний Статистикийн Товчоо (ҮСТ) нь хөрөнгө оруулалтыг хоёр үзүүлэлт болгон хуваадаг. Тухайлбал, хувийн болон улсын (төрийн өмчит компаниуд, төрийн хяналтанд байдаг компаниуд). Шинжээчид чухамхүү хувийн хөрөнгө оруулалтын мэдээнд итгэлгүй хандаж байгаа юм.

“2018 оны 12-р сард хувийн хөрөнгө оруулалтын тооцоолсон өсөлт 3.3 хувь байсан бол ҮСТ 8,7 хувь гэж мэдээлжээ. Энэ оны 2-р сарын сүүлээр тооцоолсон өсөлтийн хурд -0.1 хувь байсан бол албан ёсны мэдээнд 7,5 хувь байлаа” гэж «Открытие» банкны шинжээчид хэлсэн байна.

“2018 оны намар Хятадад машин, тоног төхөөрөмж нийлүүлж байгаа орнуудын экспорт хамаагүй буурсан бол 12-р сард бүр хасах тал руугаа орсон. Хэрэв АНУ-аас Хятад руу гаргах экспортын уналтыг худалдааны дайнтай холбоотой гэж үзэж болох ч бусад орнуудын экспорт багассан нь ямар нэгэн эдийн засгийн шалтгаантай юм. Харин ч АНУ-ын экспорт унасан болохоор бусад орнуудын экспорт өсөх ёстой байсан юм” гэж “Хятад – цаасны луу” тойм өгүүлэлд бичсэн байв.

Хятадад эдийн засгийн байдал доройтож байгаа талаар Дундад улсын бусад статистик тоо хэлж байгаа юм. Өнгөрсөн оны эцэс гэхэд аж үйлдвэрийн компаниудын ашиг огцом буурсан бөгөөд 2018 оны зун хоёр оронтой байсан өсөлт 11-12-р сард бүр хасах тоонд орсон байлаа гэж шинжээчид өгүүлсэн байна.

Эдийн засаг доройтож байгаа өөр нэг шинж нь 2018 оны намраас эхлэн машины борлуулалт огцом буурсан явдал байв. Дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ унаж, хямд төсөр ижил бараанд шилжжээ.

“Ийнхүү БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа бодит хэмжээ нь мэдээлдэгээс өндөр юм” гэж шинжээч нар ярьсан юм.

Эртнээс шинжээчид хятадын эдийн засгийн өсөлтийн талаархи тоо баримтанд удаа дараа эргэлзэж байсан билээ. Хятадыг бодит статистик үзүүлэлтээ нууж байна гэж үзэж байлаа.

Үндэсний Статистикийн Товчооны мэдээлснээр Хятадын ДНБ-ний өсөлт 2018 онд 6,6 хувь болтлоо буурчээ. Хятадад энэ нь сүүлийн 30 жилд хамгийн муу үзүүлэлт юм. Хятадын үйлдвэрлэлийн салбарын өсөлт 12-р сард 5,7 хувь байсан бол 1, 2-р саруудад 5.3 хувь болж буурсан байна гэж БНХАУ-ын Улсын Статистикийн газар мэдээлсэн байна. Энэ нь сүүлийн 17 жилийн хамгийн бага өсөлт аж.

Бас нэг түгшүүртэй үзүүлэлт гэвэл ажилгүйдлийн түвшин юм. Энэ үзүүлэлт нь 12-р сард 4.9 хувь байснаа өсөж, 2-р сарын эцэс гэхэд 5.3 хувь болсон байна. Энэ нь сүүлийн хоёр жилд хамгийн их үзүүлэлт байв.

Үүний зэрэгцээ авто замын болон төмөр замын салбарт хэрэгжиж буй төслүүдийг Засгийн газар хурдлуулсанаас шалтгаалан үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 6.1 хувиар өссөн байна. Жижиглэн худалдаа нь 8.2 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээлтээс бага зэрэг илүү байв.

Си Жинпиний Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн болон эдийн засгийн дэвшилтэт бодлого, “капиталист” зах зээлийн институцnудын идэвхтэй хөгжлийг үл харгалзан тус улс Ази-Номхон далайн бүсэд төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн хаалттай орнуудын нэг хэвээр байна гэж «Газетой.Ru»-ын судалгаанд хамрагдсан шинжээчид тэмдэглэжээ.

“Хятадтай худалдааны түнш орнуудын хэвлэн гаргадаг гадаад худалдааны талаарх мэдээллээс бусад БНХАУ-ын эдийн засаг, нийгэм эдийн засгийн талаар дэлхийн дахины мэддэг бүх зүйлийг ҮСТ хэвлэн гаргадаг юм. Энэ товчоо нь ямар юмных нь бие даасан байгууллага байх вэ дээ, Төрийн зөвлөлд шууд захирагддаг, өөрөөр хэлбэл намын шууд захиргааны байгууллага билээ” хэмээн “Алор Брокер”-ын шинжээч Алексей Антонов сануулж байна.

БНХАУ хамгийн том түнш-АНУ-тай худалдааны дайн хийж байгаа, сүүлийн арван жил эдийн засгийн өсөлт хамгийн өндрөөс (2007 онд 14,2 хувь) хамгийн бага руу (2018 онд 6,6 хувь) унасан зэргээс үүдэн Хятадын Засгийн газар статистик тоог засах арга зам орсон байж ч болох юм.

Сүүлийн үед Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар тоог бичиж болох, ямар тоог бичиж болохгүй талаар хатуу даалгавар өгч байна гэж яригдах боллоо гэж «Универ Капитал» гол стратегч Дмитрий Александров ярьж байна. Түүний ярьснаар Хятадын орон нутгийн балансад тусгаагүй өр төлбөрийн хэмжээ 6 их наяд ам.доллараас давж байгаа нь эдийн засгийн бусад үзүүлэлтүүдтэй зэрэгцэн ноцтой аюул занал учруулж байгаа билээ.

Эх сурвалж: https://news-ria.ru

Орчуулсан Д.Баярцэнгэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.