Ц.Анударь “Токио-2020” олимпын эрх авлаа

2019-04-24 Спорт

БНХАУ-ын Бээжин хотноо “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн болж буй юм. Энэхүү тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд манай улсын спортын мастер Цолмонбаатарын Анударь оролцож, хурд хүчээ сорьсон. Тэрбээр өнөөдөр 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоов. Тэр энэ амжилтаараа ОУХМ цолны болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрх авлаа. Өөрөөр хэлбэл, манай баг тамирчдаас “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг ийнхүү Ц.Анударь авч байна. Тэрбээр 1997 онд төрсөн, 22 настай бөгөөд өсвөрийн болон залуучуудын ангилалд олон улсын тэмцээнд оролцож амжилт нь ахисаар 2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болжээ.

Дашрамд дуулгахад, “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.