С.Дүүрэнжаргал: Бизнесийн загвараа баталгаажуулснаар бусдад төлбөртэй ашиглуулах боломж нээгдэнэ

2019-04-17 Нийгэм

 

Монгол Улс 15 дахь жилдээ Дэлхийн Оюуны өмчийн өдрийг тэмдэглэж байна. Анх 2000 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар жил бүрийн энэ сарын 26-ныг “Дэлхийн Оюуны өмч”-ийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ.

Оюуны өмчийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Патент, барааны тэмдгийн талаар МҮХАҮТ-ын Оюуны өмч хариуцсан мэргэжилтэн С.Дүүрэнжаргалтай ярилцлаа.

– Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болох гэж байна. Сүүлийн жилүүдэд энэ өдрийг тохиолдуулан Танхим, Оюуны өмчийн газартай хамтран арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд ямар онцлогтой, Танхимын зүгээс ямар ажлуудыг төлөвлөж байгаа вэ?

– 2018 онд МҮХАҮТ, Оюуны өмчийн газартай хамтран “Сэтгэн бүтээхүй: Хойч үе” уриан дор оюуны өмчийн талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, иргэдийн тулгарсан асуудалд зөвлөгөө өгөх нээлтэй өдөрлөг зохион байгуулсан. Энэ өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд Оюуны өмчийн итгэмж­лэгдсэн төлөөлөгчийн холбоо, Оюуны өмчийн газар хамтран патент, барааны тэмдгийг эзэмшиж байгаа хүмүүсийн өрсөлдөх чадвар, тэдгээрийн хэрэглээ, эдийн засгийн эргэлтэд хэр оруулж буй, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэл­цүүлэг хийхээр төлөвлөж байна.

МҮХАҮТ 1970 оноос эхлэн Оюуны өмчийн итгэмж­лэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2010 онд 01 дугаар­тай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөр­лийг Оюуны Өмчийн Газраас гардан авсан байдаг. Бид оюуны өмчийн ялангуяа аж үйлдвэрийн өмч болох патент, барааны тэмдгийн талаар зөвлөгөө өгч, зуучлалын үйл ажиллагаа явуулж байна.

Хүмүүс ихэвчлэн зохиогчийн эрх юм уу, патентаа хамгаалуулъя гэж асууж ирдэг. Өөрөөр хэлбэл өөрт нь яг ямар төрлийн оюуны өмчийн эрх тохиромжтойг ялгаж мэддэггүй учраас цаг хугацаа их алддаг. Тиймээс хамгийн эхэнд тухайн хүн патент, барааны тэмдгийн алийг нь мэдүүлэх шаардлагатай байгааг тодруулж ярилцах чухал. Гаднах загвар хийц, хэлбэр, брэнд нэр, лого, хийж буй арга технологи эсвэл эцсийн бүтээгдэхүүн үү гэх зэргээр тухайн хүнд аль тохиромжтойг хэлж, тавигдах шаардлага, бусад бүрдүүлэх баримт бичгийг зааварладаг. Тухайлбал ААН-ийн барааны тэмдэг бүртгэлтэй эсэхийг шалгаж, итгэмжлүүлэх хүсэлт гаргасан нөхцөлд материалуудыг онлайнаар авч ОӨГ-т зуучилдаг.

Бидэнд баримт бичгүүдийг заавал эх хувиар нь авч ирэх шаардлагагүй, онлайнаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Хөдөө орон нутгаас ч энэ маягаар их ханддаг болсон. Танхимын www.mongolchamber.mn сайтаас ямар материал бүрдүүлэх талаар мэдээлэл авч болно. Гэхдээ аж ахуй эрхлэгчид тэр бүр оюуны өмчийн төрлүүдийг ялгадаггүй учраас мэдүүлэхээсээ өмнө ярилцах нь зүйтэй байдаг. Патент гэхэд дотроо олон төрөл байдгаас хүмүүс төөрч будилах, цаг хугацаа алдах тохиолдол байсаар байгаа юм.

– Тухайлбал, патент дотроо хэдэн төрөл байдаг вэ?

– Патентын тухай хуулиар ашигтай загвар, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар гэсэн гурван төрлийн патентыг зохицуулдаг.

Ашигтай загвар, шинэ бүтээлийн патент илүү технологийн түвшин талдаа хамаарна. Тэгэхээр технологийн түвшин ахиулсан ноу хау-тай бизнес тэр бүр түгээмэл биш шүү дээ. Өөрөөр хэлбэл зах зээлд ижилхэн төрлийн бизнес зонхилдог. Хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтсон стандарт технологитой байх жишээтэй. Тэгэхээр брэнд лого, сав баглаа боодлоороо л ялгарахаас аргагүй. Түүнийгээ ч оюуны өмчийн эрхээр хамгаалдаг. Энэ нь барааны тэмдэг эсвэл бүтээгдэхүүний загварын патент болдог. Түүнээс үйлдвэрлэж буй аргачлал, дэвшилтэт технологи орсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиолдол ховор учраас патентын мэдүүлгийн тоо ч цөөн байдаг.

– Шинээр бизнесээ эхэлж буй хүмүүс барааны тэмдэг, патентын эрхийг заавал авах шаардлагатай юу? Авснаар давуу тал нь юу байх вэ?

– Оюуны өмчийн эрхийн хамгаалалт бол сайн дурынх. Хэн түрүүлж ОӨГ-т бүртгүүлсэн нь эрхээ хамгаалдаг. Нэгд, өөрийн бизнесийг бусдаас хамгаалах буюу хэн нэгэн өөрийг нь дууриах зэрэг ирээдүйд гарах эрсдлээс сэргийлнэ. Хоёрдугаарт, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. Хэрвээ патент, барааны тэмдгийн гэрчилгээтэй болох юм бол гэрчилгээгээ барьцаанд тавиад зээл авах боломжтой. Нөгөөтэйгүүр амжилттай сайн бизнес бол бизнесийн загвараа бусдад төлбөртэйгээр ашиглуулж болно.

Солонгосын кофе шопууд Монголд олноороо нээгдэж байгаа нь үүний жишээ. Үүний тулд юун түрүүнд оюуны өмчийн эрхийг хамгаалсан байх ёстой гэсэн үг л дээ. Тэгэхлээр хэн түрүүлж ОӨГ-т бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах өрсөлдөөн бий болж байгаа юм. Үүнийг мэдэхгүйгээр олон жил бизнес эрхэлсэн ч эрхээ хамгаалуулаагүйгээс хэн нэгэн дуурайх явдлыг зогсоох боломжгүй болдог. Тэгэхээр энэ талын мэдээллийг түгээх шаардлагатай. Хүмүүс мэдэхгүйгээсээ болж хохирох тохиолдол их байдаг.

– Барааны тэмдэгт, газарзүйн заалтын тухай хуульд үүнийг зохицуулсан заалт байхгүй юу?

– Барааны тэмдэг газар зүйн заалтын хуулиар барааны тэмдэг, газарзүйн заалт, гэрчлэх тэмдэг, хамтын тэмдэг зэрэг эдгээрийг зохицуулдаг.

Одоо барааны тэмдгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Өмнө нь энэ талын зохицуулалт байдаггүй байсан үед хэн түрүүлж барааны тэмдгээ бүртгүүлсэн нь эзэмшигч болдог байсан. Харин нэмэлт өөрчлөлтөд эсэргүүцэл гаргах боломж үүсэж байгаа. Тухайлбал, олон жил бизнесээ эрхэлсэн хэдий ч барааны тэмдгийн зөвшөөрлөө аваагүй, хэн нэгэн тухайн хүний брэнд болсон барааны тэмдгийг авчихсан байх тохиолдол гардаг. Ийм нөхцөлд гуравдагч этгээд буюу олон жил өөрийн бизнесээ хамгаалаагүй хүн эсэргүүцэл гаргах эрх үүсч байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь хугацаатай, мэдүүлэг гарснаас хойш, хэвлэлтэд нийтлэгдсэнээс хойш тэдэн сарын дотор гомдол гаргах боломжтой гэсэн хугацаа бий. Хууль батлагдахаар хугацаа нь тодорхой болох байх.

– Брэнд лого авчихсан хэр нь түүнийгээ ашиглахгүй байх тохиолдолд байх уу?

– Ийм тохиолдол нэлээд гарсан. Түрүүлж бүртгүүлчихээд барааныхаа тэмдгийг ашиглахгүй мөртлөө өөр бусдад мөнгөөр шилжүүлэх зөрчил гарсан учраас барааны тэмдгийг бүртгүүлснээс хойш 5 жилийн дотор ашиглахгүй бол эрхийг нь цуцлах заалт нэмэгдэж байгаа. Хууль батлагдахаар дагалдах дүрэм журам өөрчлөгдөнө.

– Барааны тэмдэг, патентын талаар бизнес эрхлэгчид ойлголт муугаас асуудал үүсч байгаа тохиолдол их байдаг гэж Та хэллээ. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ойлголт мэдээллийг хаанаас авах вэ?

– Энэ талаар Оюуны Өмчийн Газрын www.ipom.mn вэб сайтаас авч болно. Энд оюуны өмчийн талаарх бүхий л мэдээлэл маш тодорхой байдаг. Мэдүүлгүүдээ ч зааврыг нь хараад мэдүүлэх боломжтой. Гэхдээ хуулийн хэллэгээр бичсэн зүйлийг энгийн бизнес эрхлэгчид, ялангуяа бичиг цааснаас хол байдаг хүмүүс уншаад тодорхой ойлголт авч чаддаггүй юм шиг санагддаг. Анхнаасаа буруу ойлголттой явснаар цаг хугацаа алдаж зардал чирэгдэл гардаг болов уу. Тийм болохоор бид 2017 оноос эхлэн улирал тутамдаа барааны тэмдгийн сургалт явуулж байгаа.

Энэ сургалтаар оюуны өмчийн бүртгэлийн ач холбогдол болоод барааны тэмдгийг хэрхэн мэдүүлэх, юунд анхаарах, хэрхэн хайлт шүүлтээ хийх, тавигдах шаардлагууд нь юу байдаг талаар тодорхой мэдээлэл өгдөг. Өөрөөр хэлбэл барааны тэмдгээ мэдүүлэх гэж байгаа иргэдэд анхан шатны мэдээлэл олгодог.

Бид энэ сарын 29-ны 14-16 цагийн хооронд Танхим дээрээ ес дэх сургалтаа хийх гэж байна. Ноднин Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад оюуны өмчийн сургалт бас хийсэн. Хөдөө орон нутагт барааны тэмдэг, патентын талаарх ойлголт үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Нийтлэг алдаа гэхээр орон нутгийнхаа нэршлээр аж ахуйн нэгж, компаниа нэрлэчихсэн. Нэр нь голдуу ижил байдаг. Жишээлбэл, “Их богд” гэсэн нэр өглөө гэхэд энэ нь барааны тэмдгийн хуулиараа барааны тэмдэгт тооцогдохгүй. Түгээмэл ашигладаг нэр, уул ус, орон нутгийн нэрийг бараг хүн бүх авдаг болохоор оноосон тохиромжтой нэр л өгөх хэрэгтэй.

– Танд баярлалаа.

Ярилцсан Д.Эрдэнэсувд

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.