Хаваржилт хүндэрсэн аймгуудад  50 хувь хямд үнээр өвс, тэжээл олгохоор болов

2019-02-27 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар,

– Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор болов. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.

– Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд нэр бүхий аймгуудын нутаг дэвсгэрт 2007-2016 онд байгуулсан ойн зурвас, ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрыг хүлээн авч ойн санд бүртгэхээр болов. Төслийн хүрээнд 2826 га талбайг ойжуулсан байна.

– Цэргийн дүйцүүлэх албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг байхаар тогтов.

– Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнд заасны дагуу байгуулах Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээний төслийг дэмжив. Гэрээнд сайд Д.Цогтбаатар гарын үсэг зурна.

– Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”-ийн Зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. 19 сая ам.долларын зээлийн хүү 0.15 хувь, эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.

– Нэр бүхий 17 аймгийн 88 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 9,729.507.5 га газрыг улсын нөөцөд авлаа. Энд улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.