Ерөнхийлөгчийн санал парламентын босго давсангүй

2019-02-26 Ерөнхийлөгч

 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санал хүргүүлсэн юм. Энэхүү албан бичигт “УИХ-ын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлууд хойшлогдох нөхцөл үүссэнтэй холбогдуулан миний бие 2019 оны нэгдүгээр сарын 22-нд албан бичгээр УИХ-ын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.

Төрийн эрх барих дээд байгууллагын үр дүн муутай үйл ажиллагаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, шалтгаан нь болох тул алдагдсан цаг хугацааг нөхөж улс орон, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа шийдэл хүлээсэн асуудлуудыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээг шуурхай авах шаардлагатай юм.

Иргэд, олон нийт эрх баригч нам, УИХ, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу УИХ-ын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 1-ний дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна. Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэсэн юм.

Гэвч УИХ-ын дарга энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж, түүний албан бичигт ямар ч хариулт өгсөнгүй. Тэгэхээр энэ  удаад ч Төрийн  тэргүүний санал парламентын босго давж чадсангүй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.