МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх Орхон аймагт ажиллалаа

2017-04-14 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Орхон аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нарын бусад албаны хүмүүс багтаж, иргэдийн асуултад хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Уулзалтыг нээж МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “МАН-ын удирдлагууд 21 аймагт ажиллаж, бүх шатны сонгуульд МАН-ын амласан мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж, үнэлэлт дүгнэлт өгч, хяналт хийж байна. Энэ бол УИХ-д олонх болж Засгийн газраа байгуулсан МАН-ын хувьд зайлшгүй хийх ёстой ажил, үүрэг хариуцлага юм. Бид Засгийн газар бүрэлдэн тогтсон арван сарын хугацаанд багагүй асуудалд гарц гаргалгаа гаргаж, олон түмэнд өгөөжөө өгөх олон хуулийг баталж чадсан.  Тухайлбал, Өнөөг хүртэл тав байсан улсынхаа төсвийг нэгдсэн нэг төсөвтэй болгож, Монгол Улсын эдийн засгийг сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлж чадлаа. Удтал төлөөгүй байсан өр зээлийг төлж, эдийн засгаа хөгжүүлэх, сэргээх зорилгоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр дөрвөн жил хасахтай гарч байсан Монгол Улсын төсөв өсөлттэй гарсан гэх сайхан мэдээлэл байна. Энэ нь дэлхийд унаад байсан монголын нэр хүндийг өндөрт өргөж чадлаа. Бид цаашид мөрийн хөтөлбөртөө тусгасан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар, УИХ-ыг шахаж ажиллана. Ялалтыг дагаж хариуцлага ирдэг. Тиймээс бид хагас жил тутам хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, дүгнэх болно. Та бүхэн ч биднээс биелэлт, хэрэгжилтийг нэхэх эрхтэй. Түүнд тань ам бардам хариулттай байхын төлөө МАН график гарган ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд итгэвэл итгэсэн шиг итгэх хэрэгтэй юм байна лээ шүү” гэлээ.

Иргэдийн хувьд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар болсонд талархалтай хандаж буйгаа илэрхийлээд Хөдөө аж ахуйн салбарт тулгараад буй асуудлууд тэр дундаа тусгай хяналт бүхий мах шинжлэх лаборторийн барилгыг барих төсөв батлах, мал эмнэлгийг босоо тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа талаарх асуудлыг сөхөж салбарын сайдаас хариулт авсан юм.

Харин ХНХ-ын дэд сайдаас тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болсон нь хэр оновчтой вэ, энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэх асуугаад зогсохгүй Орхон аймгийн тулгамдсан нэг асуудал болох ажилгүйдэл, хаанаа ч хүрэлцдэггүй хөнгөлттэй эмийн төсөв, бүсийн оношилгооны төвийн хүнд суртал, харилцааны доголдол зэргийг анхааралдаа авахыг хүслээ.

Үүнд салбарын сайд  мал эмнэлэг, шинжилгээний лаборторийн эрүүл ахуйтай холбоотой асуудал яахын аргагүй тулгамдаж байгаа талаар яриад эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө цагт шууд шинэчлэл хийнэ гэж амлаж чадахгүй хэмээн учирлаж байлаа. Тэрбээр “Төсөв мөнгө нь шийдэгдвэл мал эмнэлэг, хөдөө аж ахуйн үйл ажиллагааг нэг стандарттай болгохоор салбарын сайдтай ярилцаж байгаа” гэсэн юм.

Түүнчлэн ХНХ-ын дэд сайд “Орхон аймагт өнгөрөгч 2016  онд хөнгөлттэй эмийн төсөв болгож 580 сая төгрөгийг баталж байсан.  Харин энэ жил 850 сая төгрөгийг төсвийн тодотголд суутгуулан хэллэлцүүлж байна. Энэ асуудал шийдэгдэх байх. Тэтгэвэрт гарах журмын хувьд өнгөрөгч гуравдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч Орхон аймагт хэрэгжиж эхлээгүй байсныг салбараараа орохдоо мэдэж, үүрэг даалгавар өгсөн. Тиймээс энэ журам ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тэтгэвэрт гарах насны тухайд бид сонголтыг санал болгож байгаа. Хоёр хувилбар бий. Та хүсвэл 60 настайдаа тэтгэвэрт гарч болно. Хэрэв тэгвэл таны тэтгэвэр жаахан бага тогтоогдоно. Харин эсрэгээрээ цааш үргэлжлүүлэн ажлаад тэтгэвэрт гарвал тэтгэвэр чинь арай илүү тогтоогдоно гэх шударга зарчмыг баримтлахаар болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр зургаан төсөл хөтөлбөрийг батлан ажиллаж байна. Тухайлбал Японтой хамтран ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Ажилтанаар биш дадлагжигч маягаар хүнээ явуулаад ажлын амт, хүндрэл, туршлагыг хуримтлуулаад эх орондоо буцаан авчрах тэрхүү хөтөлбөр маань нааштай яригдаж байна. Харин бүсийн оношилгооны төвийн харилцаа, чадвар чансааны талаар би газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгөх болно” хэмээн хариуллаа.

Уулзалтын төгсгөлд Орхон аймгийн Засаг дарга иргэдийнхээ асуусан асуултад хариулт өгч, зарим иргэдтэй цаг гарган уулзахаар болсон юм.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.