Ж.Бямбадорж: Ш.Алтантуягийн шүүх хурал манайд нааштай шийдэгдэх байх

2019-01-31 Нийгэм

Хэвлэлийн бага хурал

Хүний эрхийн үндэсний комиссоос хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр хөндөгдсөн болон бусад асуудлын талаар тус комиссын дарга Ж.Бямбадорж сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хүйтний улиралд хурдан морь уралдуулахгүй байхад анхаарч ажиллахыг аймаг, сумын засаг дарга нарт холбогдох газраас анхааруулж, зөвлөмж хүргүүлсэн. Гэвч энэ сарын 11-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд морь хөлсөлж байсан 10 настай хүү мориноосоо унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь энэ асуудлыг танай байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Сүүлийн 4,5 жил хүйтний улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх асуудлаар олон газар хандаж, зөвлөмж шаардлага хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд гэхэд, энэ сарын 11-нд Халзан суманд морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд мориноосоо унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас хүйтний улирал буюу арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй байх шийдвэр гаргасан. Мөн овооны наадам, найр зэргийг далдуур зохион байгуулах явдал гарч болзошгүй тул аймаг, сумын засаг дарга нарт зөвлөмж хүргүүлээд байна.

-Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн шүүх хурал болж байгаа. Та бүхэн энэхүү шүүх хурлын талаар мэдээлэл өгнө үү?

-Шүүх хуралд нь УИХ болон ХЭҮК-ын гишүүн М.Оюунчимэг нэхэмжлэгчээр оролцоод ирсэн. Шүүх хурал нэг сар үргэлжилнэ. Малайз нь олон улсын гэрээ, конвенцид нэгдээгүй нь хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Гэхдээ тус улсын шинээр сонгогдсон Ерөнхий сайд нь уг хэрэгт нэр холбогдоод буй хуучин Ерөнхий сайдыг олон хэрэгт буруутгаж байгаа нь манай талд нааштай шийдэгдэх болов уу гэсэн итгэл төрүүлж байна.

-Сүүлийн үед цэргийн ангид дүрмийн бус харилцаанаас олон асуудал гарч байна. Танай комисс энэ талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Манай байгууллага жил бүр орон нутагт ажиллаж, цэргийн ангид шалгалт хийдэг. ХЭҮК байгуулагдсан цагаасаа хойш цэргийн ангиудад байнга хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчилд шаардлага зөвлөмж хүргүүлж байгаа. Цэргийн ангид дүрмийн бус харилцаа нэлээдгүй хувиар багассан.

-Дорноговь аймагт нас барсан цэргийн асуудалд юу хэлэх вэ?

-Манай байгууллага хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул эл хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Гэхдээ цэрэг нас барсан хэргийг шалгаж байхад, цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй гэсэн мэдээ цацсан. Үүнийг хүний эрхэнд халдсан маш том зөрчил гэж үзэж байгаа. Манай байгууллагын зүгээс шүүхийн шинжилгээ, бусад шалгалтын ажиллагаа шударга явж байгаа эсэхэд анхаарч ажиллаж байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.