“ДОГШИН ХАР”

2019-01-29 Танил биш танил

Дүгэрийн Цэрэндаш 1950 онд Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн. Тэрээр үндэсний бөхийн зэрэгцээ чөлөөтөөр ч барилдан хэд хэдэн удаа улсын аварга болсон спортын мастер юм. Олимпид ч оролцсоны дотор 1972 онд Мюнхений олимпийн сонгомол барилдаанд 90кг-ийн жинд хүч сорихдоо 11-р байранд шалгарчээ. Мөн 1973 он буюу Ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадамд 5 давж начин болсон амжилтаа 1975, 1978 онд давтаж өсөх идэр, өрнөн дэлгэрэх чимэг нэмсэн байна.
Олон түмэнд “Говь-Алтайн мэнгэт”, “Догшин хар” хэмээгдсэндээ эрэмшээд үү “Аатай амьдарч тэр чигээр дуусах” бодлоо төдий л орхиогүйгээс тэр үү амьдрал нь нэн ээдрээтэй байсан нэгэн.

Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн яриандаа “Бөх хүний ир бяр нь ид ороод ирэхээрээ өрсөлдөгчөө шууд барьж аваад шидэж эхэлдэг юм. Залуу насны од хийморь, зориг самбаа хослохоор юуг ч дайраад гармаар санагдах ч бий. Өнөөдөр тийм аатай, уран барилддаг бөх цөөрч. Ер нь ямарч тохиолдолд байдгаараа үнэнч байхыг хүн чанар гэж ойлгож болох биз” хэмээн ярьжээ.

1970-аад оны дундуур монгол бөхийн дэвжээнд нэгэн үеийн хэсэг бөх түрэн гарч ирсэний дундаас илт ялгарсан хоёр бөхийн нэг Цэрэн дархан аваргын тоог нэмсэн байхад Цэрэндаш харин ааг омог нь ширүүн хэвээр явсныг юу гэлтэй. Тэр “Би аатай төрсөн шигээ аатай дуусна. Харин хэзээ ч хүн хуурахгүй. Өөрийгөө хохирно ч гэж айгаад байх юм алга. Яруу найрагч Цэндийн Чимэддорж намайг “нүдэндээ хар цэцэг хавчуулж, амандаа гашуун угж хөхсөн” хэмээн бичиж, гайгүй ээ. Дэрэнгийн тэр хар азаргатай золгох өдөр олдоно бий. Бөхийн өргөө үүдээ нээх цагаар түүнтэй зодоглож мэднэ” хэмээн алиалж билээ.

Цэндийн Чимэддоржоос гадна Б.Лхагвасүрэн, Ц.Бавуудорж нарын шүлгийг унших дуртай тэрбээр “Алтай хангайн уулс” дууг аялахаараа сэтгэл нь өөрийн эрхгүй хөвсөлздөг нэгэн. Цэрэндаш алдаж эндсэн хэдий ч хүн ардтайгаа үргэлж хамт явсаан. Жолооч нарын буйдхан амьдрал, алтан шар замын эзгүй зэлүүд талаас Цэрэндашийн бөх болох зам эхэлжээ.Хайрт ах нь амьд ахуйдаа энэ хамт олны дотор багтаж байсан. Бөх болоход хөдөлмөр зүй ёсоор нөлөөлсөн.

Найман наснаасаа ахыгаа даган Захуй, Зармангийн их говийн загийг тонн тонноор машинд ачиж, өдрөөс өдөрт хүч бяр хоёр тэгширч эрийн цээнд хүрснийг долдугаар баазын ахмад жолооч нар, түүний ар гэрийнхэн мэднэ. Эцэг эх болоод бөхийн замд хөтлөн оруулсан ахынхаа амьд сэрүүнд алдаж будилаагүй нь миний аз юмуу гэж бодох үе ч байх. Хэцүү үед сэтгэл санааны дэмжлэг өгч явсан улсын заан Р.Давааням, Ч.Амартүвшин, Барамсай, начин Ш.Чанарав, С.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал нарын ачийг тэр мартаагүй явсан.

Нэг үеэ бодоход хал үзэж хашир сууж, насны эрхээр намба орж, жаргал зовлон хоёроо даахтайгаа болж явааг үгүйсгэх юун. Аливаа юмыг тунгаан бодохгүй явсны хар гайгаар хойчийг залгах бөх, хотлыг баясаах уяач, гэрийн хойморт эцгийгээ орлох үргүй яваадаа сэтгэл гонсойх өдөр ч Цэрэндашийг тойроогүй. Тооно мялаах өглөөний нарнаар тогоо дүүрэн даргилах цайныхаа дээжийг томоогүй нөхөртөө зориулан цацал өргөж явсан ханиа, торгон дэвжээнд зодоглож явсан бөхчүүлээ тэр ихэд хүндэлдэг. Тунана гэдэг тун сайн бөхийн шинж байлгүй яах вэ. Дүгэрийн Цэрэндаш 1975 оны наадмын зургаагийн даваанд Д.Хадбаатартай тунаж барилдаад унажээ. Хэн ч амлаж авахгүй байна гэдэг нь тэр бөх тухайн цагтаа бусдын зүрхнээ шар ус хуруулж явсных. Ерөөс Цэрэндаш хэзээний өөтөй бөх. Алтайн бөхчүүдээс аатайгаараа толгой цохидог ширүүн хар маань “1972 онд аатайгаараа наадмаас начин цол хүртэнэ. Хэрэв чадахгүй юм бол энэ жил нутагтаа очихгүй” гээд цэргээс халагдсан тэр жилийг хотод үдсэн авай. Учир гэвэл улсын наадмын тавын даваанд Мижиддорж арсланд амлуулж, баруун хөлд нь орон толгой дээрээ өргөн гаргачихаад “За арслан, Архангай аймаг аль зүгт билээ” гэж хэлээд тавихдаа дэгээ хутгуулж ойччихсон юм. Бас нэг барилдаанд Өмнөговийн “морьт” Пүрвээг “Би чиний хөлөөс авч нутаг руу нь харуулж шиднэ” гэж хэлсэндээ хүрэн давсан гэдэг. Цэрэндаш энэчлэн аархаж давахдаа даван, унахдаа унаж явсан жишээ цөөн биш. Тэгээд ч хэт аархсанаас халтирч болдгийн жишээг харуулсан бус уу.

Цэрэндаш начин Монголын бөхийн холбоонд хандахдаа улсын цолтой бөхчүүлээ аль ч барилдаанд үнэ төлбөргүй орж, чөлөөтэй үзэх боломж бүрдүүлээсэй. Эрийн гурван наадам, түүний дотор үндэсний бөхийн залгамж үеийг бэлдэх, алдар цуутнуудаа судалж, сурталчилахад түлхүү анзаарна биз. Бөхчүүдийн маань заяа буян дэлгэрч, алдарт хүрэх зам өлзий дүүрэн байх болтугай гэсэн. Алтайн эрмэг хөх харчуулын нэг, улсын сайн начин, хүчтэй мастерийн тоонд лавтай орох “Догшин хар” хочит Цэрэндаш гэж Хадаа аварга, нутгийнхаа Пүрэв генерал хоёрыг магтах дуртай, үг нь хатуу, үзэл бодол чигч бөгөөд амьдралын замдаа гэрэл сүүдэр хослуулсан ийм нэгэн сонин бөх байлаа.

Гаргасан амжилт:

1981 1981 АХ-ын 60 жилийн ой (512) 4 давсан
1980 1980 он АХ-ын 59 жилийн ой (512) 4 давсан
1979 1979 оны Говь-Алтай аймгийн наадам (128) 7 давсан ( Түрүүлсэн )
1978 1978 он АХ-ын 57 жилийн ой (512) 5 давсан
1976 1976 он АХ-ын 55 жилийн ой (512) 4 давсан
1976 1976 оны цагаан сарын барилдаан (160) 4 давсан
1975 1975 он АХ-ын 54 жилийн ой (512) 5 давсан
1973 1973 он 52 жилийн ой (512) 5 давсан – /Улсын начин/
1972 1972 он АХ-ын 51 жилийн ой (512) 4 давсан.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.