Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмлээ

2019-01-16 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болж тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.

Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо.

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг. 16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авдаг юм.

Хуралдаанаар эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ.

Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.

Цалин нэмэхдээ:

– Инфляцийн түвшинтэй уялдуулах

– Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй төрийн зарим албан хаагчийн цалинг тодорхой хувь, хэмжээгээр өсгөн тооцох

– Эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн зөрүүг арилгах

– Эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний салбарын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцох

– Нийт төрийн албан хаагчийн цалинг нэмэх гэсэн зарчмыг баримталсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.