Жилд дунджаар 58 сая ам.долларыг монголчууд гадаадад эмчлүүлэхдээ төлжээ

2019-01-18 Нийтлэл
Жилд дунджаар 58 сая ам.долларыг монголчууд гадаадад эмчлүүлэхдээ төлжээ

Гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул хандив цуглуулж байна гэдэг мэдээ бидний хувьд танил болоод удаж байна. Монгол иргэд гадаадад эмчлүүлэхдээ хичнээн төгрөгийн зардал гаргаж аль улсыг зорьдог вэ. Энэ зорилгоор хийсэн судалгаагаар монгол иргэд багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг гадаад эмнэлгүүдэд зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улс руу аялсан дүн гарчээ.

Монголбанкнаас ийнхүү нэгтгэсэн судалгаагаар монгол иргэд  2011-2014 онд жилийн дунджаар дээрх улсуудад эмчлүүлэгчдийн тоо 13684, зардлын дүн 45 сая ам.доллар байна. Мөн бусад улсад эмчлүүлсэн дүнг нэмж тооцоолбол нийт зардал 58 сая ам.доллар болж байгаа ажээ. Манай улс энэхүү зардлыг банкуудын гадаад гүйлгээний тайлангийн мэдээлэл болон эмчлүүлэгчдийн бэлэн мөнгөөр төлсөн зардлын таамаг тооцоонд үндэслэн тооцсон байна.

БНХАУ-ын эмнэлгүүдэд хамгийн их буюу жилд 7 сая ам доллар зарцуулсан

Алтанбулаг, Замын-Үүд боомтоор дамжин гадаад улсруу эмчлүүлэх зорилгоор аялж буй 380 зорчигчоос  одоогоос 10 жилийн өмнө түүвэр судалгаа авахад иргэдийн 76% нь БНХАУ-руу, үлдсэн 24% нь ОХУ-руу зорчиж байсан бөгөөд нэг иргэн дунджаар 3270 ам.долларыг эмчилгээнд зарцуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ. Судалгаанд онгоцоор аялж буй иргэдийг хамруулж чадаагүй тул тооцоо дутуу үнэлэгдсэн гэж үзсэн байлаа. Мөн одоогоос таван жилийн өмнө БНСУ, БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамд болон Тайланд улсын Төвбанкаар дамжуулан тус улсын эрүүл мэндийн байгууллагаас авсан түүвэр судалгаанд үндэслэн дараах таамаг тооцоог гаргасан байна. Үүнд:

– БНСУ-д  2011 онд гэхэд манай улсын  3266 иргэн эмчлүүлсэн, нэг эмчлүүлэгчийн дундаж зардал харгалзан  2153 ам.доллар буюу нийт  7.0 сая ам.долларыг;

– БНХАУ-д жилд дунджаар 9000 иргэн эмчлүүлж, нэг эмчлүүлэгчийн дундаж зардал 2378 ам.доллар буюу нийт зардал 21 сая ам.долларыг;

– Тайланд улсад манай улсын иргэд  2012 онд харгалзан нийт  3.7 сая ам.долларын зардлыг тус тус зарцуулсан.

Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс галт тэрэг, нисэх онгоцоор аялах гэж буй нийт 2824 зорчигчийн дунд түүвэр судалгааг зохион байгуулахад 4.6% буюу 130 зорчигч нь гадаадад эмчлүүлэх зорилгоор аялж байсан бөгөөд нэг эмчлүүлэгчийн дундаж зардал нь эмчилгээ, оношилгооны төрөл тус бүрээс хамаарч харилцан адилгүй ба жигнэсэн дунджаар 6381 ам.доллар байна гэсэн дүнг гаргасан байлаа. Тус газраас гаргасан судалгаанд гадаад улсад эмчилгээ хийлгэсэн Монгол иргэдийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвхөн гадаад оронд эмчлүүлэхээр улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн тоон мэдээллээр эрүүл мэндийн статистикийн мэдээлэл хязгаарлагдмал байдаг гэжээ.

Монгол Улсын эрүүл мэнд, аялал жуулчлын салбарын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлж буй ҮСХ-ны Статистикийн эмхэтгэл, ЭМХТ-ийн Эрүүл мэндийн статистикийн мэдээ болон ИХШХЕГ-ын Гадаадад зорчсон Монгол иргэдийн мэдээний алинд нь ч гадаад улсад эмчлүүлэгчдийн тоо мэдээлэл байдаггүй. Тиймээс түүвэр судалгаагаар тогтоосон гадаад улсад зорчин эмчлүүлэгч нэг эмчлүүлэгчийн дундаж зардлын дүнг ашиглан нийт зардлыг тодорхойлох боломжгүй байгаа аж.

Улсын төсвөөс 330 мянган долларыг олгожээ

Мөн эмчилгээний төрлүүдээс шалтгаалж зардлын дүн маш өндөр зөрүүтэй, тухайлбал мэс засалд орох иргэд хамгийн их буюу дунджаар 22805 ам.доллар, амбулаторийн үзлэг, шинжилгээнд орох иргэд хамгийн бага буюу 1761 ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байжээ.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвхөн улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн мэдээллээс үзвэл, 2011-2014 онд жилд дунджаар 152 иргэнд 330 мянган ам.долларыг гадаадад эмчлүүлэгчдэд олгосон тоо баримт байна.

Уг судалгаагаар цаашид Аялал жуулчлал, Эрүүл мэндийн статистикийн бодит байдлыг сайжруулахын тулд Эрүүл мэндийн яам, ҮСХорооны тоон мэдээлэлд Монгол Улсаас гадаадад эмчлүүлэх зорилгоор аялсан иргэдийн тоог тогтмол мэдээлж энэ төрлийн тайланг гадаадын эмнэлгийн төлөөлөгчийн газруудаас хүлээн авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн байлаа.

Гадаадад эмчлүүлэхдээ хэрхэн санхүүгийн дэмжлэг авах вэ

Гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авах боломж байдаг. Хэрэв ийм шаардлага тулгарвал та дараах материалыг бүрдүүлж, ЭМЯ-д хүргүүлнэ. Үүнд ямар материал бүрдүүлэхийг доор хавсаргалаа.

1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатараар баталгаажуулсан байх/
3. Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар / нотариатараар баталгаажуулсан байх/
4. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт / эх хувь/
5. Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/
6. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн 5 жилд даатгал төлсөн байх /нотариатараар баталгаажуулсан байх/
7. Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн “Эмнэлгийн дүгнэлт”, хурлын тэмдэглэл /эх хувь/
8. Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/
9. Гадаад оронд хүлээн авч эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн дүгнэлт, онош, эмчилгээний явц, төлбөр төлсөн баримт / монгол хэл дээр орчуулж, нотариатараар баталгаажуулсан эх хувь байх/
10. Зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг болно.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.