Нийгмийн хандлага ядуусыг дүр эсгэсэн хэрэглээ рүү түлхэж байна

2019-01-25 Ертөнц

ОХУ-д ядуурлыг бууруулах нь үргэлж чухалд тооцогдож ирсэн хэдий ч орчин үеийн Оросод энэ асуудал нь нэн төвөгтэй байгаа юм. Өнөөдөр хүн амын нэлээд хэсэг нь ядуурлын шугамаас доогуур буюу хамгийн доод түвшинд амьдарч байна. Оросын хүн амын 25 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна гэж В.В.Путин хэлсэн билээ.

Ядуурал нь эдийн засгийн хөгжилд 3 зүйлээр саад болж байна. Тухайлбал, хүмүүсийн худалдан авах чадвар буурах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ багасах, дотоодын зах зээлийг хумих гэх мэт.

Хүн амын ядуурсан хэсэг нь мөнгө хуримтлуулах боломжгүй байгаа аж. Хамгийн багаар тооцож үзвэл ядуус нь улсын дундаж цалингаас доогуур орлоготой иргэд юм. Росстат-ын мэдээлснээр бол нэг хүнд ноогдох орлого нь дундаж цалингаас доогуур иргэд Оросын хүн амын 68.7 хувь нь байна. Энэ бол 100 сая гаруй хүн гэсэн үг.

Дэлхий нийтэд хүн амын хадгаламж нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр хэмээн тооцогддог бөгөөд эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлдэг. Ядуурал нь хөрөнгө оруулалт, зээлийг татах боломж олгодоггүй юм. Үүний үр дүнд хүн ам нь санхүүгийн хувьд өөрсдийгөө хангаж чадахгүйд хүрдэг бөгөөд зах зээлийн төлөөний хүн, ард иргэдийн хооронд харилцан үл итгэх байдал нь нэмэгддэг байна.

Мөн ядуурал нь хүний капиталын чанарыг бууруулдаг. Ядуурал нь үндэстний эрүүл мэндэд (төрөлт нас баралтаасаа бага байдаг), боловсролын чанарт (байгаа газраасаа үргэлж сайн боловсролыг авч чаддаггүй) муугаар нөлөөлж байдаг. Ядуурал нь иргэдийн ажил эрхлэх хүсэл эрмэлзэл, олон нийтийн санал санаачилгад сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ бүхэн байхгүй бол эдийн засгийн өсөлт боломжгүй.

Орчин үеийн Оросод ядуучууд нь ядуурлын гурван гол шалтгааныг нэрлэж байгаа юм.
• урт хугацааны ажилгүйдэл;
• нийгмийн халамжийн тэтгэмж хүрэлцэхгүй байдал;
• гэр бүлийн золгүй явдал

Үүний зэрэгцээ ядуурлыг согтууруулах ундаа, мансууруулах бодисын донтолт, бусад хэлбэрийн буруу зан үйлтэй холбох үзэх нь бий. Оросын хүн амын ихэнх нь ядуурал бол хүмүүсээс хамааралгүй, тухайлбал өвчин, тэжээгчээ алдах зэрэг нөхцөл байдлаас үүдэлтэй байж болохыг үгүйсгээгүй байна.

Ядуурлын түвшин, оноор
Росстат-ын мэдээллээр бол амьжиргааны доод түвшинөөс доош орлоготой оросуудын тоо 20 гаруй сая хүн буюу Оросын хүн амын 15 хувь орчим хувь байна. Амьжиргааны түвшин муж бүр тусдаа тогтоодог бөгөөд ойролцоогоор 9000 рубль байгаа аж. Дундаж ядуу хүн 46-48 настай бөгөөд боловсрол нь дунд юм уу бүрэн бус дээд, эсвэл бүрэн бус дунд байгаа юм. Дунджаар ядуучуудын 87 хүртэлх хувь нь чанар муутай архи тогтмол хэрэглэдэгтэй холбоотой эрүүл мэндийн асуудалтай байдаг байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин ядуурал нь хүнийг хориг хязгаарлалтад оруулж байдаг тухай ярьсан юм. “Ядуурал бол айхавтар хязгаарлалт юм. Энэ нь нийгмийн асуудал төдий биш бөгөөд өнөөдөр ядуучуудын ихэнх нь хүүхдүүдтэй, гэр бүлтэй байдаг учраас эдийн засгийн өсөлтөд ноцтой аюул учруулж болох юм. Яамны зорилтын нэг бол хүн амын шилжих хязгаарлалтыг болих явдал юм” гэжээ.

“Засгийн газрын зорилт нь манай оронд амьдарч байгаа аливаа хүн өөрийн нөөцөө шавхаж ажиллах нөхцлийг бий болгоход оршино” гэж сайд мэдэгдэв. Түүнээс гадна одоо цагт Оросын хувьд ядуурлын эсрэг тэмцэх нь хөгжингүй орнуудад үүсдэг тэгш бус байдлын асуудлыг шийдэхээс илүү чухал гэж Орешкин үзэж байна.

Сүүлийн үед орлого бага зэрэг нэмэгдсэнийг үл харгалзан ядуусын амьжиргааны бодит түвшин буурчээ. Үүний зэрэгцээ (өөр нэг парадокс) тэдний гэр бүлийн өмч хөрөнгө нэмэгдсэн байв. “Бусад хүмүүстэй адил” амьдрах гэсэн чин хүсэл, “ядуурлын шугмаас доогуур амьдарч байгаа” гэсэн нэр цолыг дуудуулахгүй байх эрмэлзэл нь ядуу хүмүүсийг дүр эсгэсэн хэрэглээнд түлхэж байгаа юм. Орос орны нөхцөлд энэ нь ихэвчлэн удаан эдэлгээтэй бараа худалдан авж байгаагаар илэрдэг.

Тэдний бодлоор бол нэр төр, эд баялгийн бэлгэдэл болох эдгээр эд зүйлийг худалдан авахын тулд гэр бүлийн өөр бусад зардал, тухайлбал хүнсэнд зориулсан мөнгөө багасгаж, тэр ч байтугай өрөнд орж байна. Үүний үр дүнд ядуу өрхүүдийн өрийн ачаалал, түүний дотор хүү өндөртэй банкны зээлийн зардал их хэмжээгээр нэмэгддэг байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын ядуу хэсэгт олгосон олон төрлийн өр төлбөрийн хэмжээ (ялангуяа банкуудаас олгосон зээл) олон дахин нэмэгджээ. Энэ нь ядуучуудын нөхцөл байдал улам муудаж байгааг нотолж байна.

Шударга ёсны үзэл баримтлал нь хүний нийгмийн байнгын дагуул бөгөөд хүний амьдралын үнэ цэнэ, бие даасан байдал, нэр төрөө эрхэмлэх чанар зэрэгтэй нэг ангилалд багтдаг. Хүн болгон зөвхөн нэр төдий амьдрах биш, харин нэр төртэй, чөлөөтэй, шударгаар амьдрахыг хүсдэг.

Орчин үеийн Оросын хувьд нийгмийн шударга ёсны сэдэв нь маш ноцтой асуудал болж байгаа ба Оросын нийгэмд шударга ёс нэн дутагдаж байгаа юм.

ОХУ-д сонирхолтой, бүтээлч ажилтай болохыг хүссэн хүнд ядуурал саад болдог байна. Орчин үеийн Орос улсад ядуу хүмүүсийн хувь зохиол нь байнгын өрсөлдөөн, амьд гарахын төлөө тэмцэл бөгөөд ажилдаа сонирхолтой байхаасаа илүү цалингийн хэмжээг илүү анхаардаг аж. Сайн ажлын байрны төлөө тэмцэлдэх үед гардаг нийгмийн тэгш бус байдал нь орчин үеийн ОХУ-ын томоохон асуудал гэж тооцогддог. Ядуу, ядуу бусаас үл хамааран манай иргэдийн 30 орчим хувь нь ОХУ-ын нийгэмд тулгараад байгаа энэ асуудалд маш эмзэг хандаж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлийн муу нөхцөлийг ажил хөдөлмөрийн салбарын хязгаарлагдмал орчноор үржүүлбэл Оросын ядуу хүн амын айдас, болгоомжлолыг ойлгож болно байх.

Орчин үеийн Орос улсад нийгмийн шударга ёсны талаар нийгмийн бүлгүүд өөр өөрийн ойлголттой байна. Гэвч энэ нь нийгэм дэх байдлыг шударга ёсны зүгээс үнэлэхэд саад болохгүй юм.

Оросууд эхний ээлжинд шударга ёсыг төрөөс хүсч байгаа боловч төр энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм. Энэ нь нийгэм дэх бухимдлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд шударга ёсны тухай олон нийтийн хэлэлцүүлэг явагдаагүй л байна. Хувийн өмчитнүүд ч тэр, ажилчид, ажилтнууд ч тэр, нийгмийн идэвхтэй давхарга ч тэр, “тэжээвэр” давхарга ч тэр бий болсон харилцааны бүтцийг тодорхойлохдоо ихэвчлэн “шударга бус” гэж үзэж байгаа бөгөөд хүний эрх зөрчигдөж байгаа нь нийгмийн бухимдлыг ихэсгэж, далд зөрчилд хүргэж байна.

Бэлтгэсэн Д.Баярцэнгэл

Эх сурвалж: https://novainfo.ru/, https://visasam.ru/russia/goroda/bednost-v-rossii.html

Хууль л амла!

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.