Хүүхдээ эрт унтуулж дархлааны системийг нь сэргээгээрэй 

2019-01-3 Нийгэм

Гэр галлах, хоол хийх явцад хорт хий дотоод орчинд үүсдэг

Гадаад болон дотоод орчны агаарын бохирдол гэсэн хоёр үзүүлэлтийн талаарх мэдээлэл иргэдэд байнга хүргэж байгаа. Хүн амьдралынхаа 80 гаруй хувийг дотоод орчинд өнгөрөөдөг. Дотоод орчин гэдэг нь ямар нэг барилга байгууламжаар тусгаарлагдсан орчин (орон сууц, оффис, гэр, автомашин, автобус, сургууль, цэцэрлэг) дахь агаарын чанарын асуудал.

Өрхийн аль нэг гишүүн гэртээ тамхи татсанаар дотоод орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болдог. Тамхинаас 4000 гаруй төрлийн хортой бодис ялгардаг. Үүнд, хавдар үүсгэгч болон PM2.5 тоосонцор, хар тугалга, төмөр, мөнгөн ус зэрэг хүнд металл байдаг. Тухайн тамхи татаж буй хүн шүүлтүүртэй хэсгээс нь хэрэглэж буй учир хордох түвшин өөр. Харин утаанаас амьсгалж буй хүмүүс хоёрдогч тамхидалтанд өртөж байдаг.

Хоёрдугаарт, гэрийн галлагаа, хоол хийх явцад утаа гардаг. Нүүрсний дутуу шаталтаас үүдсэн бохирдуулагч хамгийн түрүүнд гэрийн дотоод орчинд үүсдэг. Дараа нь гадаад орчинд хаягддаг. Мөн иргэд засвар үйлчилгээ хийхдээ чанаргүй, үнэртэй будаг сонгосноос үүдэн удаан хугацааны туршид дотоод орчныг бохирдуулах эх үүсвэрийг үүсгэдэг. Энэ нь будгийн найрлагад ордог хар тугалга болон органик дэгдэмхий нэгдэл хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэр тусмаа бага насны хүүхдийн шалтгаан нь тодорхойгүй нас баралтад дотоод орчинд тамхи татах, хямд будагт агуулдаг хортой бодис нөлөөлдгийг олон улсын судлаачид баталсан.

Бага насны хүүхдийн уушги насанд хүрсэн хүнийхтэй адил бүрэн хөгжөөгүй байдаг. Мөн хүүхдийн бодисын солилцоо насанд хүрсэн хүнийхээс хоёр дахин хурдан явагддаг. Үүнээс үүдэн хүүхэд агаарын бохирдолд илүү өртөмхий байдаг. Мөн жирэмсэн болон нялх биетэй ээжийн бодисын солилцоо өөрчлөгддөг.

Бохирдол ихтэй үед аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй 

Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийх ёстой. Ингэхдээ органик дэгдэмхий нэгдэл үүсгэж байдаг учир ямар нэг химийн бодистой цэвэрлэгч бодис ашиглаж болохгүй. Мөн айл өрхүүд хоол унд хийх болон халаалтын эх үүсвэрээ цэвэр түлш, бололцоотой бол газ, цахилгаан эх үүсвэр рүү шилжүүлснээр хүүхдийнхээ болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт.

Бас гэр хорооллын айл өрхөд гэр, байшингаа дулаалахыг зөвлөдөг. Судалгааны дүнгээс харахад гэр байшингаа дулаалж, дулаан алдалтын асуудлаа шийдсэнээр гурван сарын хугацаанд зарцуулах түлээ түлшнийхээ 30 хувийг хэмнэдэг. Жишээлбэл, өвлийн саруудад “Портер” автомашины дөрвөн тэвш нүүрс түлдэг айл гэрээ дулаалснаар нэг тэвш нүүрсний зардлыг хэмнэнэ. Мөн гадаад орчинд хог хаях байдал багасдаг. Үнсэн хог хаягдал гадаад орчинд, гудамжинд хаяснаар хавар намар энэ төрлийн хог хаягдлаас үүдсэн агаарын бохирдол үүсдэг. Түүнчлэн агаар, хөрс, ус гэсэн гурван төрлийн бохирдол бий болдог.

Агаарын бохирдол ихтэй бүсэд байдаг иргэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж гэртээ байрлуулах, цонх, цонхныхоо хүрээнд PM2.5 фильтр байршуулах хэрэгтэй. Мөн иргэд гадаад орчин гарахдаа PM2.5 тоосонцор шүүдэг маск зүүх, ингэхдээ өөрийн болон хүүхдийнхээ нүүрэнд яг тохирсон гаднаас ямар нэг агаарын солилцол орохгүй маск сонгох хэрэгтэй. Маскаа нэгээс нөгөө хүнд дамжуулж болохгүй. Мөн үйлдвэрийн зааварт заасан хугацаанд ашиглах хэрэгтэй. Иргэд маск зүүснээр агаарын бохирдуулагчдын өртөлтөөс сэргийлэхээс гадна сэрүүний улиралд нэмэгддэг томуу, томуу төст өвчний халдвараас хамгаалдаг. Мөн томуу, томуу төст өвчний буюу ханиадны вакцин хийлгэх шаардлагатай.

Түүхий нүүрсний шаталтаас маш олон төрлийн хортой химийн бодис ялгардаг. Манайд хүхэрлэг хий, азотын давхарга, ислийн агууламж, PM2.5 угаарын хий, азон, PM10 бохирдуулагчдыг хэмжиж байгаа. Зарим өдөр урдах зам харагдахгүй байгаа нөхцөлд маш мэдрэг хүмүүс хордлогод өртөх боломжтой. Үүнээс толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрвэл угаарын хийн өртөлт. Тиймээс өртөлтийг бууруулахын тулд гадаа ажилладаг бол маск хэрэглэх. Бага насны хүүхдийг агаарын бохирдол багатай үед гадаа гаргах зөвлөмж өгдөг.

Мөн иргэд гадаа гарах, гадуур явах ажилтай үедээ агаарын чанарын индексийг хараад зүрх судасны өвчтэй хүмүүс эмээ уух, бохирдол их байвал чухал бус ажлаа хойшлуулж зохицуулснаар эрүүл мэндээ хамгаалж чадна.

Хүүхдээ эрт унтуулж дархлааны системийг нь сэргээгээрэй 

Эмнэлгээс бага насны хүүхдэд хатгааны вакцин хийдэг. Эцэг эхчүүд энэ төрлийн вакцин хүүхдэдээ хийлгэх, бага насны хүүхдийг шим тэжээлийн дутагдлаас сэргийлэхийн тулд 0-2 насны хүүхдийг хөхөөр хооллох хэрэгтэй. Эхийн сүү байгалийн хамгийн эрдэслэг тэжээл учир дархлааг маш сайн дэмждэг. Дээрээс бага насны хүүхдийг антиоксидант агуулсан бүтээгдэхүүн (сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ)-ээр хооллох, А, Е, С, Д витамины хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хүүхдээ эрт унтуулснаар дархлааны систем нь сэргэж байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.