Монголын 49.3 мянган иргэн БНСУ-д амьдарч байна

2018-12-25 Гадаад харилцаа


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс энэ сарын 17, 18-ны өдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн нийтийн сонсголын зохион байгуулалтын талаар туршлага судаллаа. Төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, БНСУ, Монголын найрамдлын бүлгийн дарга Канг Чанг Ил, дэд дарга Ким Доо Гван болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Эх орончдын намын дарга Чо Вон Жинтой уулзан тус улсын нийтийн сонсголын зохион байгуулалт болоод зорилго, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, иргэд, олон нийтийн оролцоог хангах талаар харилцан санал солилцож, тус ассамблейн Хүрээлэн буй орчин, байгалын зохицуулалтын байнгын хорооны нийтийн сонсголын зохион байгуулалтын үйл явцтай танилцлаа.

Төлөөлөгчид энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар тодруулан, холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо. Энэ сарын байдлаар манай улсын 49 мянга 300 гаруй иргэн Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.