Ц.Сувд-Эрдэнэ:Миний амьдрал төсөөлж байгаагүй зүг рүү явчихлаа

2017-04-13 Нийгэм

Бид энэ удаагийнхаа зочноор “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийг урилаа. Эгэл даруухан түүний ертөнц тун сонирхолтой.

-Сайн үйлс түгээе гэж хэзээнээс бодов?

-Ер нь энэ ажлыг би бодож төлөвлөж хийгээгүй. Намайг жаахан байхаас л ээж минь айлд гурил, будаа, мах өгүүлдэг байсан. Долоон хүүхэдтэй юм билээ гээд хоолоо хүнээс харамлаж байгаагүй. Хонь гаргаад гэдэс чаналаа гэхэд хажуу айлууддаа заавал биднээр хувь хүргүүлдэг байсан. Харин “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын үүсэх шалтгаан нь Хорлоо эмээд тусалсан тэр үеэс анхны шангаа татаж байсан. 2014 оны аравдугаар сарын 28-ны өдөр анх “Бөмбөгөр” худалдааны төв дээр цай зардаг Хорлоо эмээтэй таараад сошиал дээр эмээгийн талаарх багахан мэдээллийг зургийнх нь хамт оруулсан. Санаачлагыг маань маш олон хүн дэмжээд байшин барьж өгөх хүртэл аян өргөжсөн. Тэр ажлаас үүдэж хүнд тусалъя гэсэн санаа зорилготой залуус нэгдэж “Итгэл сэтгэлийн гүүр” санг байгуулсан. Ингээд 2015 оны нэгдүгээр сард сангаа албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Одоогийн байдлаар манай сан хоёр жил гаруйн хугацаанд албан ёсны үнэмлэхтэй 100 гаруй гишүүнтэй болсон.

-Танай ТББ ямар зарчмаар гишүүн элсүүлдэг вэ. Танд хандсан хүн бүрийг бүртгэж аваад байна уу эсвэл аянд идэвх санаачлагатай оролцоод явсан залуусыг эгнээндээ нэгтгэдэг үү?

-Бид гурван сайн дурын ажилд оролцсон байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Гурван аянд оролцсон бол гишүүнээр элсэхийг зөвшөөрдөг. Хандив тусламж өгсөн хүмүүсээ голчлон элсүүлэхийг зорьдог.

Би нийт 6000 орчим хүнд орон гэр болон бусад зүйлээр тус дэм үзүүлсэн байдаг юм. Үүнээс ТББ-ынхаа шугамаар тусалсан, орон гэрийг нь шийдсэн айлын тоог хэлбэл, хамгийн сүүлд Цагаандарь гэж бүсгүйг оролцуулаад 31 өрхийг гэртэй болгожээ. Бусад арга хэмжээг нь тоолбол 100 орчим болно.

-ТББ нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хэчнээн хүнд тусалж вэ. Тоо гарсан байдаг уу?

-Би нийт 6000 орчим хүнд орон гэр болон бусад зүйлээр тус дэм үзүүлсэн байдаг юм. Үүнээс ТББ-ынхаа шугамаар тусалсан, орон гэрийг нь шийдсэн айлын тоог хэлбэл, хамгийн сүүлд Цагаандарь гэж бүсгүйг оролцуулаад 31 өрхийг гэртэй болгожээ. Бусад арга хэмжээг нь тоолбол 100 орчим болно.

-Хамгийн сүүлд Цагаандарь гэж хоёр охинтой бүсгүйд байшин барьж өгөхөөр болоод ИНЕГ-т ажилд оруулсан байгаа шүү дээ. Энэ бүсгүйтэй анх хэрхэн яаж холбогдсон бэ. Та нарыг очиход ямар байдалтай байсан тухай яриач?

-Энэ бүсгүйн тухай фэйсбүүкээс анх мэдэж байсан. Хүмүүс хоёр хүүхэдтэй орон гэргүй ийм бүсгүй төмөр замын вокзал дээр хоног төөрүүлж байна. Энэ хүнд туслаач гэж мэдээллийг нь олж өгч байсан. Тухайн үед би нийтийн байранд хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг ах эгч хоёрт гэр барьж өгөх ажил эхлүүлээд их зав зай муутай явж байсан учраас Цагаандарийн талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж чадаагүй. Тэгээд нөгөө ах эгч хоёрынхоо гэрийг барьж өгөөд арай гэж жаахан чөлөө гараад явж байхдаа төмөр замын вокзал дээр хонож байна гэсэн мэдээлэл аваад “Очихгүй л бол болохгүй юм байна” гэж бодоод шууд Цагаандарь руу явсан. Намайг очихын урд өдөр нь нэг залуу гэр бүл сайхан сэтгэл гаргаад Цагаандарийг хоёр охиных нь хамт гэртээ хонуулж байсан. Тэгээд нөгөө гурваа очиж авчихаад хаашаа хандаж хаана очихоо мэдээгүй. Таксинд суулгачихаад замдаа фэйсбүүктээ бичсэн. Ийм бүсгүй байна. Хаана аваачихаа мэдэхгүй байна гэдгээ бичсэн. Төд удалгүй нэг сувилалын газраас яриад манайд аваад ир гэснээр хонуулах тухтай газартай болсон. Цагаандарь өөрөө бөөрний усжилттай, бөөр суналттай гэсэн оноштой. Гэтэл “Улаанбаатар мед” гээд бөөрний чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн хамт олон мэдээллийг олж хараад туслах шийдвэр гаргаж Цагаандарийг найм хоног хэвтүүлэн эмчилсэн байгаа.

-Монголд хүүхдийн төлөө, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулдаг маш олон төрийн болон ТББ-ууд байдаг. Гэтэл тэдний хийж байгаа ажил нүдэнд харагдаж гарт баригддаггүй. Улс төрийн зорилготой юм уу эсвэл ямар нэг тэмдэглэлт баяраар гарч ирчихээд алга болчихдог. Гэтэл таны эхлүүлсэн өрнүүлсэн ажил олон нийтэд их хурдан түгдэг. Газар авдаг. Үр дүн нь маш сайнаар дуусдаг. Энэ бүхний нууц нь, учир шалтгаан нь юунд байна вэ?

-Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүнд туслах юмсан, энэ хүнийг зовлонгоос нь жаахан ч болов гэтэлгэхсэн гэсэн хүсэл зориг байдаг. Гагц тэр сэтгэл нь сэрсэн үү сэрээгүй юу гэдэг л зүйл бий. Мөн хүнд тусалчих юмсан гэж боддог болов ч өөрсдөө завгүй ажилтай явдаг хүмүүс ч бий. Тэдгээр хүмүүс хэн нэгнээр дамжуулаад хүнд туслах хүсэлтэй байдаг. Ийм хүмүүс их олон байна. Хэрвээ бидний өрнүүлсэн ажил олон нийтийг маш сайн уриалан дуудаж амжилттай эзэндээ хүрээд байгаа бол шалтгаан нь их энгийн. Зориулагдсан хүндээ зориулсан бүхнийг нь хүргэж чаддаг. Тэднийг холбож өгөх гүүр нь болдог. Энэ тухай тайлан тооцоо зардал мөнгө бүх зүйлээ нээлттэй ил, шилэн байдлаар олон нийтэд тайлагнадаг учраас хүмүүсийн итгэх итгэл өндөр байдаг болов уу. Бид хийж байгаа сайн үйлсээсээ ямар нэг байдлаар ашиг хардаггүй. Зарим залуусынхаа тухай хэлэхэд өөрийн амьдралаа хаяад үүний төлөө тууштай явж байгаа нь ч бий. Бидэнд болон манай санд гадна дотны ямар нэг дэмжлэг санхүүжилт байхгүй. Бидний үйл ажиллагаа гишүүдийнхээ цөөхөн хэдэн төгрөгийн татвараар л явагддаг.

-Та өөрөө гурван охины ээж. Хүүхдүүдээ өсгөх, тэжээхийн хажуугаар хүмүүсийн амьдралд санаа зовинох, амьдралыг нь цэгцэлж өгнө гэдэг бол асар их цаг зав шаардсан үйл. Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?

-Болоод л байдаг юм. Би хоёр охиноо өөрөө өсгөөд хүмүүжүүлж байсан. Хамгийн бага охиноо тээж байхдаа хадам ээждээ хэлсэн. Би дахиад төрмөөр байна. Хүүхдээ гаргана гэсэн. Манай хадам аав ээж их сайхан сэтгэлтэй сайн хүмүүс бий. Аав ээж хоёр нь хоёр охиныг нь харъя. Миний охин амаржаад ав. Өөрийнхөө биеийг сайн бодоорой гэж хэлсэнд нь их баярладаг. Бага охиноо гэдсэнд байхад нь Хорлоо эмээд туслах ажлыг эхлүүлж байсан болохоор төрөөд 15 хоногтойд нь эд ажлууд өрнөөд жаахныгаа тэврээд бүх зүйлүүдийн ард гарч байсан. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч би шантраагүй охиноо тэврээд л хүмүүс дээр очдог байсан.

Залуу ээжүүдийг ажаад байхад хүүхдээ тэврээд өрхийн эмнэлэгтээ очихдоо хүртэл түүртээд байх шиг санагддаг. Нөхөр эсвэл машин байхгүй бол гэрээсээ гарч чаддаггүй. Гэтэл та хүүхэддээ түүртэж ажлаа орхиж байсангүй гэж ярих юм. Залуу ээжүүдэд байх ёстой чанар юм шиг санагдлаа?

-Манай охин хүртэл гадуур явсаар байгаад сурчихсан. Гэрт ганц өдөр амрахаар гаръя гээд зүгээр  суулгадаггүй. Миний хувьд би энэ их ажлуудыг базаж чиглүүлээд байгаа юм шиг хэрнээ хамт олонтой. Тэд маань ажлуудаа хуваарилж аваад цаг тухайд нь авсан ажлуудаа амжуулаад нэгтгэдэг. Маш олон сэтгэлтэй залуус байдаг учраас бидний ажил амжилттай өрнөдөг. Би залуустаа цалин гэж 100 төгрөг ч өгч чаддаггүй. Гэхдээ их халуун сэтгэл байдаг. Ийм сэтгэлтэй залуустай учирсандаа баярладаг. Хэрвээ өөр нэг ашиг хонжоо хайсан хүн байсан бол миний өнөөдрийн энэ олон санаачилсан ажлууд ийм өндөр үр дүнтэй бүтэхгүй байсан.  Мөн миний хажууд эргэн тойронд дандаа сайхан сэтгэлтнүүд бий. Эднийхээ сайхан сэтгэлээр өлгийдүүлээд явж байгаа учраас л миний ажил бүтдэг. Хүүхдүүдийг минь харж байгаа аав ээж хоёроос минь эхлээд өнөөдрийн бүх аянд нэгдэж тусалсан хүмүүсийн гавъяа.

Бага охиноо гэдсэнд байхад нь Хорлоо эмээд туслах ажлыг эхлүүлж байсан болохоор төрөөд 15 хоногтойд нь эд ажлууд өрнөөд жаахныгаа тэврээд бүх зүйлүүдийн ард гарч байсан. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч би шантраагүй охиноо тэврээд л хүмүүс дээр очдог байсан.

-Нэг их сайхан инээмсэглэдэг, олон хүнд өөрийгөө умартан тусалдаг, дугуй ягаан малгайтай сайн үйлсийн элч Сувд-Эрдэнэ гэгч эмэгтэйн хувийн амьдрал ямар замаар өдийг хүртэл урагшласан юм бэ гэдгийг тэр бүр хүмүүс сайн мэдэхгүй. Гэтэл гурван хүүхдийн ээжид зовлон жаргалын аль аль нь бий л байх даа?

-Миний аав таван жилийн өмнө бурханы орноо явсан. Яг энэ үетэй зэрэгцээд хоёр охиныхоо ааваас салж байсан. Увс аймгийн Өлгий суманд аавын орон зай эзгүйрсэн гэртээ дүүтэйгээ, хоёр охинтойгоо үлдэж байсан. Тухайн үед нутагтаа ажил хийе ч гэсэн ямар ч боломж байгаагүй. Ингээд дүүгээ дагуулаад хоёр охиноо тэврээд Улаанбаатарт ирж байлаа. Таван жилийн хугацаанд охидуудаа өсгөсөн. Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хадам аав ээж дээр охидууд минь өсч хүмүүжиж байна. Тэднийг минь харж өгч байгаа.

-Охидуудын аав хаана байна. Охидтойгоо хамт байдаг уу?

-Аав нь Дарханд ажиллаж амьдардаг. Уг нь бол Завханы залуу л даа. Бид цаашдаа хамтдаа амьдрахгүй байх. Аав нь охидуудтайгаа холбоотой байдаг. Хадам аав ээж хоёрын минь хувьд бол намайг төрсөн охин шигээ л хайрладаг. Нөхөртэйгөө хамт байсан он жилүүд гэхээсээ илүү хадам аав ээжтэйгээ олон жил хамт байсан болохоор ч тэр үү тэднийгээ их хүндэлдэг.

-Уучлаарай, гэхдээ ийм гоё бүсгүйг хоёр хөөрхөн охинтой нь орхиод явсан тэр залуу хэзээ нэгэн цагт харамсах үйлдэл хийжээ гэж бодогдлоо. Таныг олон нийтийн сүлжээнд олон сайхан ажил өрнүүлээд явж байгааг харсан л байх. Танд баяр хүргэх ч юм уу санаа бодлоо хуваалцаж байсан уу?

-Манай нөхөр хотод сурч байна гээд явсан. Энэ үед би Завхан аймагт хадмууд дээрээ охидтойгоо хамт амьдардаг байсан. Аав ээжтэйгээ дөрвөн жил цуг амьдарсан болохоор арай илүү бие биенээ ойлгодог. Гэтэл нөхөр маань дөрвөн жил сурна гэж энд ирчихээд сураагүй юм билээ. Түүнийг нь мэдчихээд эмэгтэй хүний шаралхуу зан хөдлөөд хоёр хүүхдээ аваад шууд хотруу ирсэн. Уг нь нөхрөө нэг сайн хашраая. Хоёр хүүхдээ гээд араас ирнэ гэж бодсон. Харамсалтай нь бид гурвын араас ирээгүй. Магадгүй тэр хүний сонгосон зам мөр өөр байсан учраас ирээгүй байх. Одоо түүнд нь нэг их гомддоггүй ээ. Миний хийж байгаа зүйлийг хардаг үгүйг нь мэдэхгүй. Холбоо тасарсан. Бага охины минь хувьд бол надад бурханаас өгсөн бэлэг.

Өрх толгойлсон, ганц бие хүүхэдтэй залуу бүсгүйчүүд маш олон болсон. Одоо өрхийн амьжиргааны нэг судалгаа хийгээд байна билээ. Түүний дүн мэдээ яаж гарах бол гэдгийг хармаар байна. Үүгээр л нэлээд бодитой тоо гарч ирэх ёстой. Харж байхад бол ээжүүд амьдралын хамгийн хүнд хүчирийг нуруундаа үүрч байна.

-Таны амьдралд тохиосон шиг харамсмаар амьдрал өнөөгийн нийгэмд элбэг байна. Үүний гол буруутан нь хэн гэж та боддог вэ?

-Өрх толгойлсон, ганц бие хүүхэдтэй залуу бүсгүйчүүд маш олон болсон. Одоо өрхийн амьжиргааны нэг судалгаа хийгээд байна билээ. Түүний дүн мэдээ яаж гарах бол гэдгийг хармаар байна. Үүгээр л нэлээд бодитой тоо гарч ирэх ёстой. Харж байхад бол ээжүүд амьдралын хамгийн хүнд хүчирийг нуруундаа үүрч байна. Жишээ нь, эхнэр нь өнгөрөөд хүүхдүүдээ харж үлдсэн аав архинд ороод хөл алдах магадлал маш өндөр. Хүүхдүүдээ асрамжид өгөөд өөрөө өөрийгөө болгох ч юм уу ямар нэг зүйлд донтдог. Гэтэл эмэгтэй хүн өөрийгөө хаяад хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ золиослож чаддаг. Амьдралын ноён нуруу эрэгтэй хүний нуруун дээр байх ёстой гэдэг бол одоо цагт эмэгтэйчүүдийн нуруун дээр арай илүү хувиар үүрэгдэж байна. Манай нийгэмд нэг ийм буруу гаж ойлголт бий болчихсон байдаг. Эрэгтэй хүн олон эмэгтэйгээс олон хүүхэдтэй болчихоод хэзээ ч аль нэг хүүхдээ шударгаар зарлаад өөрөө өсгөдөггүй. Ээжүүд нь л чимээгүйхэн ачаагаа үүрээд хүүхдүүдээ өсгөдөг. Ээж олон хүнээс хүүхэд гаргалаа гэхэд мөн л бүгдийг нь өөрөө өсгөдөг. Гэтэл ээжийг ад үзэх тохиолдол байдаг. Эмэгтэй хүн ямар байдлаар амьдарч явж байгаад хүүхэдтэй болсныг хэн ч мэдэхгүй байж эмэгтэй хүнийг ад үзээд эрэгтэйг нь дөвийлгөж өгдөг. Бараг л баатар маягаар ярьдаг хэрнээ эмэгтэй хүнийг олон хүний олон хүүхэд гаргасан чи ч арчаагүй юм аа гэх мэтээр ялгаж харьцдаг. Болдог бол энд тэнд найз охидууддаа хүүхдээ үлдээгээд яваад байгаа эрчүүдэд бүх хариуцлагыг үүрүүлдэг баймаар байна. Энэ олон эцэггүй хүүхдүүдийн эцэгийг тогтоогоод эрчүүдэд өөрийнх нь хийсэн бүхнийх нь хариуцлагыг үүрүүлдэг баймаар санагддаг. Нэг аавд хэчнээн хүүхэд байна. Тэр хүүхдүүдээ бүгдийг нь хариуцаж явдаг тогтолцоог бий болгож чадах юм бол энэ хүсээгүй жирэмслэлт, өрх толгойлсон ээжүүд, эцэггүй хүүхдүүдийн тоо багасна. Аав нь хүүхдээ орхиод явсны төлөөс болж хүүхнүүд ар гэр, ахуй амьдралаа аваад явж байгааг адалдаг нийгмийн энэ гажуудалд эмзэглэдэг.

-Таны хувьд би өрх толгойлсон ээж учраас төр бидэнд онцгой хандаж халамжийн бодлогоо өргөжүүлэх ёстой гэсэнгүй. Олон олон өрх толгойлсон ээжүүдийг энэ байдал руу уриалсангүй. Миний амьдрал… гэж ярихаасаа өмнө бусдын амьдрал, орон гэрийг сайжруулъя гэж явсан нь бахархалтай санагдлаа.

-Би аав ээжээсээ долуулаа. Долоон хүүхдийн хамгийн отгон нь. Бага байхдаа шинэ хувцас өмсч үзээгүй. Ах эгч нарынхаа багадсан хувцасаар өссөн. Яг тэр үзлээрээ хүүхдүүдээ өсгөдөг. Заавал шинэ хувцас өмсөх албагүй. Байгаа орчиндоо дасан зохицоод багаасаа амьдралыг ойлгодог байгаасай гэж хүсдэг. Хүүхдүүдээ хэтэрхий эрхлүүлж тансаглуулах дургүй. Амьдралд хүний үзэж туулах ёстой бүхнийг үзэг. Өөрийнхөө амьдралыг өөрсдийнхөө гараар бүтээгээд л явах ёстой гэж боддог. Манай монгол ээж аавууд хүүхдээ үхэн үхтэлээ тойлдог. Хүүхдээ хэт ийм байдлаар өсгөчихөөр нөгөөх нь амьдрал дээр бие даах, хариуцлага хүлээх чадваргүй болж төлөвшдөг. Би сүүлийн үед гадны орны аав ээжийгээ орхидог, хаядаг гэхээсээ илүү хүүхдээ 18 нас хүрэнгүүт нь тусад нь гаргадаг гэсэн зарчмыг сайшаадаг болсон. Энэ нь нэг талаасаа хүүхдийнхээ эрхийг маш өндөр хэмжээнд дээдэлж байгаа асуудал. Мөн хүүхэддээ гар хүрвэл хуулийн хариуцлага хүлээдэг зэрэг сайн жишээнүүд манайд бий болоосой.

Би сүүлийн үед гадны орны аав ээжийгээ орхидог, хаядаг гэхээсээ илүү хүүхдээ 18 нас хүрэнгүүт нь тусад нь гаргадаг гэсэн зарчмыг сайшаадаг болсон. Энэ нь нэг талаасаа хүүхдийнхээ эрхийг маш өндөр хэмжээнд дээдэлж байгаа асуудал. Мөн хүүхэддээ гар хүрвэл хуулийн хариуцлага хүлээдэг зэрэг сайн жишээнүүд манайд бий болоосой.

-Хэдэн өдөр сэтгэлээс гарахгүй шаналгаж байсан тусламжийн аянаа хэлээч гэвэл?

-Цэцэгээ эмээд тусалсан үйл явдлыг мартахгүй байх. Гэр нь нураад унах шахсан, үүд хаалга гээд байх юмгүй. Гэтэл тэнд гуравхан сартай нярай амьдарч байсан. Шээгээд шээсэн дээрээ хэвтсээр байгаад өлгий даавуу, живх  гэх юмгүй болсон. Эрэгтэй хүүхэд тулдаа л тэссэн байх. Түүнээс бол хэдэн өдөр хямраад тайван байж чадаагүй. Сэтгэлээс салахгүй хэцүү байсан. Ийм юм хэзээ ч байж болохгүй. Хурдан л гэртээ болгоё гэж зорьсон. Айлууд их хурдан гэртээ болдог бас нэг шалтгаан нь би чин сэтгэлээсээ хүсч чаддагаас болдог болов уу. Надад ямар нэг амбийц хөөгөөд би танайхыг гэртээ болголоо. Одоо та нар надад тэг гэж хэнээс ч хариу нэхэж үзэж байгаагүй. Зүгээр л энэ айлд туслах юмсан. Ингэчихвэл амьдрал нь болчих юм шиг байна даа гэж л хүсч зорьж чаддаг. Тэр имоциор бичсэн зүйл хүмүүст хүрдэг байх.

-Таны тусалж байгаа хүмүүс ямар нэг хороо, дүүрэгт харъяатай л байдаг байх. Хороо, дүүргээс нь тань шиг багахан сэтгэл гаргаад энэ ажлыг хийж болдоггүй юм болов уу?

-Хорооны ажилчдад буруу байхгүй болов уу. Улсаас өгч байгаа төсөв санхүүдээ баригддаг байх. Гэр олгодог тогтолцоо нь ч байхгүй биз. Эрх биш гэрээ галд өгчихсөн айлд халамжаас сая 200 мянган төгрөг өгдөг ч тэр нь гэр авах зардлын хаана ч хүрдэггүй. Галын аюулд хамаг бичиг баримт, өмсөх хувцасгүй үлдсэн хүмүүс энэ мөнгөөр бичиг баримтаа л хагас дутуу авдаг юм билээ. Энэ мөнгө хүрэлцээгүй байдаг учраас орон гэргүй иргэдийн тоо нэмэгддэг. Хорооны тухайд иргэдээ гэсэн сэтгэл сайтай хорооны ажилчид байдаг. Баянзүрх дүүргийн 28, Налайхын 5 дугаар хорооны Засаг дарга гэх мэт хүмүүсийг нэрлэж болно. Гэтэл бидний ажлыг үгүйсгэж янз бүрээр хэлдэг ч хорооныхон байна. Та нар хороонд мэдэгдэхгүйгээр янз бүрийн юм хийлээ. Бидний нэр хүндийг унагалаа гэж уурладаг. Гэтэл би заавал хорооноос зөвшөөрөл авч тэдэнд мэдэгдэх шаардлагагүй гэж үздэг. Уг нь бол бид хорооны нэр хүндийг унагах гэж яваагүй. Эдгээр хүмүүст хэрхэн туслах вэ гэдгээ нэн тэргүүнд боддог.  Сувдаа чи манай хороонд ирчихсэн үү. Бид яаж туслах вэ. Зайлшгүй ийм айл байсан юм гээд хандвал илүү гоё харагдана. Ер нь би их олон хорооны даргаар, нийгмийн ажилтнаар загнуулсан.

-Сайн санааны ийм ажил хийхэд нэлээд урсгал зардал гарна. Гэтэл хүмүүс зөвхөн барьж өгсөн гэрийн мөнгөөр харах нь олон. Нэг хүнд туслахын тулд хэр хэмжээний урсгал зардал гардаг вэ. Наандаж л нэгж, унаа тэрэгний мөнгө хэрэг болно шүү дээ?

-Янз янз. Бидний хувьд нэг айлд гэр авч өгье гэсэн бол гэрийн мөнгө цугласан л бол хандиваа зогсоодог. Гэтэл гэртээ болсон айлд хүмүүс хуучин тавилгаа өгье ч гэдэг юм уу туас хүргэдэг. Түүнийг яалт ч үгүй унаа машин хөлсөлж авдаг. Сүүлийн хоёр сарын тооцоогоор зөвхөн бензинд л хоёр сая төгрөг зарцуулсан байна. Шалны доор дэвсэх шороо авлаа гэхэд л 40 мянган төгрөг. Энэ мэт тооцоогүй зардлууд их гардаг. Хүмүүс түүнийг ойлгодоггүй.

-Хүнд туслъяа гэж байгаа хүмүүсийг харахад компанийн захирлууд, улс төрийнхөн хэр гар сунгадаг юм бэ?

-Ер нь мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй хүмүүсээс илүү хоёр идэхгүй хоосон хоночихгүй амьдардаг хүмүүс л өөрийнхөө идэх талхнаас илүүчилж биш дутааж тусалдаг. Ихэвчлэн өөрийн хүч хөдөлмөрөөр мөнгөтэй болсон, компаниа босгосон хүмүүс тус хүргэх сэтгэлтэй байдаг. Хэн нэгний хүртэх ёстой мөнгийг идээд уугаад хувьдаа ашиглаад явж байгаа хүмүүс хүнд туслах нь юу л болдоо. Гэхдээ тэднийг бид биш бурхан шүүгээд үйлийнх нь үрийг өгдөг биз.

Цэцэгээ эмээд тусалсан үйл явдлыг мартахгүй байх. Гэр нь нураад унах шахсан, үүд хаалга гээд байх юмгүй. Гэтэл тэнд гуравхан сартай нярай амьдарч байсан. Шээгээд шээсэн дээрээ хэвтсээр байгаад өлгий даавуу, живх  гэх юмгүй болсон. Эрэгтэй хүүхэд тулдаа л тэссэн байх. Түүнээс бол хэдэн өдөр хямраад тайван байж чадаагүй. Сэтгэлээс салахгүй хэцүү байсан. Ийм юм хэзээ ч байж болохгүй. Хурдан л гэртээ болгоё гэж зорьсон. Айлууд их хурдан гэртээ болдог бас нэг шалтгаан нь би чин сэтгэлээсээ хүсч чаддагаас болдог болов уу.

-Ах эгч чинь өөрийн чинь энэ ажлыг хэр дэмждэг вэ?

-Эхэндээ намайг уурладаг байсан. Чиний амьдрал үрэгдэж дууслаа гэж зэмлэдэг байлаа. Одоо бол ойлгодог болсон. Харин ч манайд нэг ийм зүйл байгаа. Тэднийд өгье ч гэдэг юм уу байдлаар ханддаг болсон. Манай нагац ээжийн аав нь Шалхаан гэж бас их сонин хүн байсан гэдэг юм билээ. Эмээ байнга ярьдаг. Ямар хүн байсан бэ гэхээр өсгөсөн мал нь их хурдан өсдөг. Дандаа том сүүлтэй малын сор болсон мянган улаан хүзүүтэй хонь өсгөсөн. Сумаа анх байгуулагдахад 1000 улаан хонь бэлэглэж байсан гэдэг. Ганц ч ногоо тарьж байгаагүй атар газар дээр өвөрмөц сортын сонгино, лууван тарьдаг. Гараараа их гоё юм хийдэг. Хадаас оролцуулахгүй авдар, ширээ сандал хийгээд сумынхаа өрх тусгаарлаж байгаа залууст бэлэглэдэг байсан гэдэг.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.  Завхан аймаг дахь МУИС-ын харъяа сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн Цахилгаан холбооны газар гурван жил мэргэжлээрээ ажилласан. Уг нь ажлаасаа гаръя гэж бодоогүй байж байгаад нөхөрийгөө айлгах зорилготой хотод ирсэнээр амьдрал минь огт төсөөлж байгаагүй зүг рүү явчихлаа.

Нийгмийн ямар гажуудалд сэтгэл зовнидог вэ?

-Амин хувиа хичээх үзэл арай хэтэрхий болжээ гэж харагддаг. Сая нэг лекцин дээр очсон чинь нэг охин үзэгчдийн суудлаас асууж байна. “Бид нар ээж ааваасаа зулгааж авсан мөнгийг яагаад заавал сайн үйлсэд зориулах ёстой юм. Бид хөдөлмөрлөж олсон мөнгөө яахаараа зүгээр хүнд өгөх гэж” гэсэн. Тэгж ярихад нь надад үнэхээр харамсалтай санагдсан. Дөнгөж л ургаж байгаа цэцэг ингэж л хүмүүжиж ийм бодлоор эргэн тойрондоо хандаж байна. За яахав амин хувиа хичээж болно. Гэтэл нэг л өдөр зовлон бэрхшээл өөрийг нь дайрна. Тэр үед өөрийг нь гэх хүнгүй болно гэдгийг ойлгохгүй байна.

-Энэ олон намууд таныг урьж байна уу. Манай намд элсчих гэх юм уу?

-Ийм хэд хэдэн санал ирж байсан. Гэхдээ миний хувьд ард түмэндээ өгсөн амлалтаа яг таг хийдэг болсон үед нь намд элсэх саналыг бодож үзнэ. Иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байгаа намуудруу гүйгээд орох сонирхол алга.

Миний мөрөөдөл: Нэг ээжийг нь суллаж өгч хүүхдүүдийг нь харуулаад бусад ээж нь үйлдвэрлэлээ эрхлээд олсон мөнгөөрөө хүүхдүүд харж байгаа ээжийгээ цалинжуулах боломжтой санагддаг. Ингэж хамтын хөдөлмөрөөр бие биенийхээ амьдралыг ахиулбал гоё. Тэгвэл би ч гэсэн гэрээ бариад хажууд нь буухад бэлэн байна. Гол нь гэртээ болсон хүмүүсийнхээ амьдрах аргыг зааж өгмөөр байна.

-Та өөрөө хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Өөрөө гэртээ болоё гэж бодохгүй байна уу?

-Одоо би байрны түрээс гэж сард 400 мянган төгрөг төлдөг. Хүүхдээ 200 мянган төгрөгийн үнэтэй цэцэрлэгт явуулдаг. Мэдээж гэртээ болоё гэж боддог. Гэхдээ надад ийм нэг мөрөөдөл байдаг юм. Арав ч юм уу хорин айлын газрыг улс надад шийдээд өгчих юм бол гэртэй болгож айлын түрээсийн хашаанд буулгасан айлуудаа бүгдийг нь тэр газар дээрээ буулгачихаад жижигхэн үйлдвэрлэл бий болгох хүсэлтэй. Нэг ээжийг нь суллаж өгч хүүхдүүдийг нь харуулаад бусад ээж нь үйлдвэрлэлээ эрхлээд олсон мөнгөөрөө хүүхдүүд харж байгаа ээжийгээ цалинжуулах боломжтой санагддаг. Ингэж хамтын хөдөлмөрөөр бие биенийхээ амьдралыг ахиулбал гоё. Тэгвэл би ч гэсэн гэрээ бариад хажууд нь буухад бэлэн байна. Гол нь гэртээ болсон хүмүүсийнхээ амьдрах аргыг зааж өгмөөр байна.

М.МӨНХТУНГАЛАГ

 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.