Иргэд ярьж байна

2018-11-29 Нийгэм

Засгийн газрыг огцруулах асуудлыг  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Тэгвэл иргэд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм. 

Б.Тогтохсүрэн: Ухаантай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна

-УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудал орж байгаа. Таны хувьд Засгийн газрыг огцруулах хэрэгтэй юу?
-Нэгхэн жил болж байгаа Засгийн газраа унагамааргүй л байна. Гэхдээ ЖДҮ-ийн сангаас зээл авч тэр олон хүний, ар гэрийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг хаасан гэж бодохоор огцруулмаар ч юм шиг. Огцрууллаа гэхэд дараагийн хүмүүс гарч ирээд бас л шальтай юм хийж амжихгүй л сонгууль болчихно. УИХ-ын шийдвэр мэргэн байг, ухаантай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Н.Баяртуяа: Сайд нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх л ёстой

-Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ өнөө маргааш хоёр хэлэлцэж шийдвэрлэх гэж байна. Иргэний хувьд УИХ-ыг ямар шийдвэр гаргаасай гэж бодож байна вэ?
-Засгийн газар иргэддээ боломж гаргаж, дэмжлэг үзүүлэх байтал өөрсдөө бага хүүтэй мөнгийг нь дээгүүрээ хуваагаад авсан байгаа нь үнэхээр ёсзүйгүй асуудал. ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон хүмүүс тусмаа сайд нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх л ёстой. Заавал хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Харин танхимаар нь унагах хэрэгтэй юу бодох л асуудал. Энэ нь улс орны эдийн засгийн асуудалд ямар нөлөө үзүүлэх вэ. Шинээр Засгийн газар байгууллаа гэхэд цаг хугацаа, хөрөнгө зарлагадаж таарна ойлгомжтой. Харин зөв хүмүүс гарч ирэх үү. Эрх мэдлээ ашиглан ойр дотныхоо хүмүүстэй нийлж татвар төлөгчдийн мөнгийг “идэхгүй” гэсэн баталгаа байхгүй шүү дээ.

Л.Готовдорж:  Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа

-УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудал орж байгаа. Таны хувьд Засгийн газрыг огцруулах хэрэгтэй юу?
-Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа. Сайд боллоо гээд эрх мэдлээ ашиглаж болдог, хариуцлага ч хүлээхгүй аргалаад өнгөрчихдөг юм гэсэн байдлыг арилгах үүднээс заавал огцруулах хэрэгтэй. Харин УИХ тараах хэрэггүй. Тарах ч үгүй байх. Тарвал эдийн засгийн хувьд хүнд байвалд орно. Хоёрын хооронд хугацаа үлдээд байхад дахин сонгууль явуулбал татвар төлөгчдийн мөнгийг л дэмий үрсэн хэрэг болно.

Д.Бат-Энх: Засгийн газрын зарим сайд нар огцрох хэрэгтэй

-ЖДҮХС-аас авсан зээлийн асуудалд Засгийн газрын хэд хэдэн сайд холбогдоод нэг нь ажлаа өгөөд байна. Одоо Засгийн газрыг танхимаараа огцрох ёстой гэж үзээд УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх гэж байна. Засгийн газар нь огцрох хэрэгтэй юу, УИХ нь тарах хэрэгтэй юу?
-Засгийн газрын зарим сайд нар огцрох хэрэгтэй. Ганц ЖДҮ-ийн зээлд холбогдсон сайд нараас гадна хариуцлага алдсан сайд нар бий. Тэд ч бас халхавчлагдахгүй байх хэрэгтэй. Тэгвэл л шударга хандсан болно. УИХ-д ч огцруулах гишүүд байгаа. УИХ-ын бүрэн эрх гэдэг юмны ард пээдгэр байна. Бүрэн эрхийн хугацаа дуусахаар нь бүгдийг нь хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.