Жижиг дундын хулгайчдыг хамгаалан “живж” буй У.ХҮРЭЛСҮХ

2018-11-12 Засгийн газар

-Шударга үнэний дуулал гэдэг Хүүкийн үед хулгай гаарав-

“Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж МАН-ын гишүүн У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр намынхаа нөхдөөр туг тахин байж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар өргөмжлөгдсөнийхөө дараа УИХ-ын чуулганы индэр дээрээс энэ үгийг хэлж байв.

Харин өнөөдөр тэрбээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан(ЖДҮХС)-гаас хулгай хийсэн дүү нараа ичгүйргүйгээр хамгаалан улстөрийн ёроол руу живж буй У.Хүрэлсүх болж хувирав. “Шударга бусын төлөө амиа алдахаас ч айхгүй” хэмээн цэргийн хүний ёсоор цэх зогсоод ёсолж хэлсэн хүн энэ мөн үү, шударга ёсны сэлмээ өглөө бүр эргүүлнэ гэсэн эрхэм энэ мөн билүү гэж эргэлзтэл хэлсэн үгнээсээ буцаж “хулгайч” дүү нараа өмгөөлсөн шоронгийн харгалзагчийн дүрд хувирав.

Аймшигт давхцал

Ингэхэд У.Хүрэлсүх гэж хэн бэ. Тэр үнэхээр удирдагч мөн үү. Харамсалтай нь, түүний улс төрд явсан мөр, албан тушаал өөд замнасан замнал гэрэл гэгээтэй байсан уу гэвэл үгүй. Харин ч ямар нэг байдлаар нийгмийг хамарсан санхүүгийн томоохон хямралыг өдөөж, түүнийг дагаад олныг цочирдуулсан үйл явдал ар араасаа өрнөж байж. Энэ тухай ганцхан жишээ хүргэхэд, 2000-2005 онд түүнийг МАСЗХ-г удирдаж байх үед Хадгаламж зээлийн хоршоод олноороо дампуурч, олон хүн шоронд ачигдсан. Хамгийн аймшигтай нь тухайн үед, яг энэ асуудлаас үүдэн У.Хүрэлсүхийн удирдаж байсан МАСЗХ-ны залуус бие биеэ хутгалж нэгнийхээ амийг зэрлэгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарч байлаа. Тэгвэл түүнийг Засгийн газар толгойлж буй энэ үед мөн л Засгийн газрын яамдын газрын дарга нар нэгнийхээ аминд хүрч, хэрцгийгээр хөнөөсөн дуулиант гэмт хэрэг гарч байв. Мөн түүний танхимын сайд нар жирийн иргэдэд хүрч чаддаггүй

ЖДҮХС-гийн зээлээс бөөн бөөнөөрөө хулгайлж, үүнээс улбаалан У.Хүрэлсүхийн даалгавраар хөдөлсөн байж мэдэх ЖДҮДС-гийн удирдлагууд эхнээсээ шоронд ачигдаж байна. Магадгүй энэ бүхэн гэнэтийн байлаа гэхэд дэндүү хачин бас аймшигтай давхцал байгаа биз.

Ерөнхий сайдын дарамт

Уг нь УИХ-ын нэр бүхий гишүүд болон МАН-ын удирдлагууд ЖДҮДС-гаас зээл авсан нь ил болж, нийгэмд бухимдал үүсч бас хариуцлагын асуудал хөндөгдөх үеэс Ерөнхий сайдад сануулсан юм билээ. Ингэхдээ бүлгийн хурал дээр бөөнөөрөө сууж байгаад “Энэ асуудал дээр ганц Б.Батзориг сайдаар туг тахихгүй ээ. ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон бүх сайд нарыг оруулж ирж давхар хариуцлага тооц” гэсэн шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан аж. Харин мань хүн энэ үгэнд уурсаж, хууль ёсны дагуу шаардлага тавьсан гишүүд рүүгээ “Хэрвээ асуудал ийм дээрээ тулбал, намын Хяналтын хороог хуралдуулна. Намын даргаа шүүмжилж байгаа бүх хүнийг 2020 онд нэр дэвшүүлэхгүй” хэмээн омогдсон гэх.

Улмаар “Б.Батзоригийг сайдаас нь буулгасан учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхгүй. Хэрэв үүнийг эсэргүүцсэн гишүүн байвал мөн л намаас хөөнө. Ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү” хэмээн дарамталсан тухай шаргал ордон дотор бор шувуу нисч байх юм.

Өөрийнх нь төлөө зүтгэсэн фракцынхаа гишүүддээ тэрбумын зээл гаргуулж өгсөн үү?

У.Хүрэлсүх ард түмэнд таалагдахын тулд нэг үгийг хэлэх дуртай. Энэ нь “Би авлигатай тэмцэнэ, хууль бус зүйлийг зүгээр өнгөрөөхгүй. Би шударга үнэний төлөө тэмцэх гэтэл шүдгүй арслан шиг болчихоод байна” хэмээн өөрийгөө үнэнч шударгын дууль болгодог. Гэтэл энэ бүхэн ердөө дүр эсгэсэн шоу байж. Учир юу гэвэл У.Хүрэлсүхийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах “операци”-ийг зохион байгуулж байх үеэр хэвлэлээр “Засгийг огцруулах нэг кнопыг нэг тэрбум (950 сая) төгрөгөөр үнэлжээ” гэсэн мэдээлэл гарч байлаа. Тэгвэл тэрбээр намынхныхаа эсрэг кноп дарж, засгаа огцруулсан гишүүд болон түүнд нь хүчин зүтгэсэн намынхаа нөхдөд өгөх “авлигал”-аа ЖДҮДС-гийн бага хүүтэй зээлээр төлсөн байх магадлалтай. Мөн эл үйл явдлыг зохион байгуулахдаа нарийн төлөвлөгөө боловсруулсан нь дараах учиг зангилаанаас харагдах болов уу. Учиг-1: ЖДҮДС-гаас зээл авсан эрхмүүд бүгд У.Хүрэлсүхийн фракцийн дүү нар. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийг цээжээрээ хамгаалдаг улаан хамгаалагч нар нь.

Бүүр тодруулах юм бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Л.Энхболд гээд л….

Учиг-2: Тэд бол Хүрэлсүх намын генсек байх үеэсээ улстөрд дэмжиж, бойжуулж ирсэн хайртай дүү нар нь. Д.Амарбаясгалан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Ц.Бат-Энх нарын хувьд У.Хүрэлсүхтэй 2000 оны эхнээс, МАСЗХ-оог удирдаж байх үеэс нь хамт байсан. Харин Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Т.Гантулга нар түүнтэй НАМЗХ-гоор холбогддог. Тэгэхээр дээрх эрхмүүд яах аргагүй нарийн нандин харилцаа холбоотой нь харагдаж байгаа юм. Мөн тэрбээр генсек байхдаа нэг хүнийг эрчимтэйгээр өөд татсан нь өдгөө намын Ерөнхий нарийн бичгийн дарга, магадгүй гишүүдийн ЖДҮДС-гаас зээл авах хуваарилалтыг тун чадамгүй гүйцэтгэсэн байж болох итгэлт хүн нь, өдгөө МАН-ын гал тогоог барьж буй Д.Амарбаясгалан юм.

ЖДҮДС-гийн удирдлагууд Ерөнхий сайдын хамаатнууд уу

Энд нэг мэдээлэл онцлоход У.Хүрэлсүхийн фракцид багтдаг Б.Жавхлан гишүүн Ерөнхий сайдтай ойрын харилцаатай. Тодруулбал, тэд Сүхбаатар аймгийнх. Нутаг ус нэг төдийгүй төрөл садангийн харицаатай. Иймээс ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа Б.Жавхлангийн төрсөн эгч Б.Сэргэлэнг БСШУСЯ-ны газрын даргаар томилсон. Мөн Б.Жавхлан өөрийн гарын хүн болох С.Төгсбилэгийг ЖДҮДС-гийн захирлаар томилуулсан гэх мэдээлэл байна. Үүнээс гадна тус сангийн нарийн бичгээр нь ажиллаж байсан хүн мөн л Сүхбаатар аймгийнх бөгөөд тэдний хамаатан байсан төдийгүй тэр нь ЖДҮДС-гаас өөртөө 2-3 тэрбумын зээл гаргуулж авсан гэхээр У.Хүрэлсүх үнэхээр шударга үнэний хэмжүүр мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. Хамгийн харамсалтай нь тэрбээр өөрийг нь гэж итгэсэн хүмүүсийг золиосонд гаргах төдийгүй Б.Батзориг гишүүнээр ч гэсэн туг тахисан уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Юутай ч У.Хүрэлсүхийн үед ард түмний хөрөнгөнөөс хулгай хийсэн хулгайч нар цагаандаа гарав. Ийм шударга бустай тэмцэнэ хэмээн ам шүд алдаж байсан Ерөнхий сайд нь хулгайч нарыг улаан цээжээрээ хамгаалахыг үзэв. Дахин сануулахад тэрбээр авсан эхнэр, элссэн нам, анд нөхдөөсөө урвахгүй хэмээн амалж байлаа. Гэвч шударга ёсыг ярьдаг Ерөнхий сайд нь яг цагаа тулахаар сахилга дэг журмыг тогтоодог биш бусниулдаг, авлига хээл хахуультай тэмцдэг биш өөгшүүлдэг жирийн л нэг улс төрийн алиа салбадай болохоо батлан харуулав. Эцэст нь сануулахад Ерөнхий сайд та “Албан тушаал мөнхийнх биш гэж” бас хэлж байсан.

ЖДҮДС-гийн нарийн бичиг нь Б.Жавхлан, У.Хүрэлсүх нарын хамаатан гэв үү

У.Хүрэлсүхийг дэмжигч гишүүд, цүнх баригчид нь түүнийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хүчин зүтгэснийхээ төлөө Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хүүтэй, хүүгүй зээл хүртэж шагнуулсан нь тодорхой болоод буй. Тэгвэл ЖДҮДС-гийн захирал, өдгөө хуулийн байгууллагынхан саатуулагдаад буй С.Төгсбилэг болон нарийн бичгийн дарга нар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар Сүхбаатар аймгийнх. Тэр ч бүү хэл тэд хамаатан гэсэн мэдээлэл байна. Тэгвэл У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа тэднийг дээрх албан тушаалд тавьсан бөгөөд тус сангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан этгээд нь ЖДҮДС-гаас 2-3 тэрбумын зээлийг өөр дээрээ гаргуулсан гэх мэдээлэл байгаа юм. Иймээс Засгийн газрын тэргүүн ямар учраас хамаатны хүмүүсээ сангийн удирдлагаар тавьсан бэ гэдэг нь анхаарал татаж байна. Түүнчлэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар зургаан хүнийг баривчилаад байгаа. Прокурорын байгууллагаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг гаргасан ч УИХ хүлээн аваагүй. Мөн энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ, Засгийн газрын гишүүн Ерөнхий прокурор хоёрын дунд ширүүн мэтгэлцээн болсон. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрэмбэ алдагдсан байна. Улсын ерөнхий прокурор таныг УИХ-ын гишүүд бид томилсон. Ард түмнээс сонгогдсон хүмүүстэй хүндэтгэлтэй хандаж харилцах ёстой” гэсэн бол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал нь бусад хүмүүсийнхээ хамтаар цагдан хоригдчихсон байхад шийдвэр гаргасан хүн нь энд сууж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Жижиг дундаас хувь хүртэгчид нь Хүк-ийн фракцийнхан

МАН-ын генсек Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх. ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Л.Энхболд нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар нь зээл авсан нь тодорхой болоод байгаа. Тэгвэл ард түмний мөнгөнөөс хулгай хийсэн гэх эдгээр эрхмүүд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцийнхан юм. Тодруулбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗТХ-ийн шинэхэн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар У.Хүрэлсүхтэй 2000 оны эхнээс нөхөрлөсөн. Тодруулбал, түүнийг МАСЗХ-оог удирдаж байх үеэс дагасан. Харин Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Т.Аюурсайхан, Л.Энхболд нарын гишүүний хувьд түүнтэй НАМЗХ-гоор холбогдсон гэдэг. Тэгэхээр дээрх эрхмүүд яах аргагүй нарийн сэжмээр холбогдож байгаа юм. Түүнчлэн У.Хүрэлсхийг Ерөнхий сайд болсны дараахан улстөрд нэг яриа олны анхаарал татсан. Энэ нь мань эрхэм Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тухай яриа хөндөгдөх үеэр Засгийг огцруулах нэг кноп нэг тэрбум төгрөгөөр үнэлж байна гэх мэдээлэл гарсан. Тэгвэл намынхныхаа эсрэг кноп дарж, засгаа огцоруулсан гишүүд, түүнд нь хүчин зүтгэсэн намынхаа нөхдөд өгөх “шагнал”-аа У.Хүрэлсүх ЖДҮДС-гийн бага хүүтэй зээлээр дарсан байх магадлалтай юм.

М. ШАРАВ

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.