АТГ-ыг Ази, номхон далайн бүсийн хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгов

2018-11-5 Гадаад харилцаа

Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн гишүүн 9 орны нэгээр Монгол Улсын АТГ-ыг сонгов.

Индонезийн Бали хотноо өнөөдөр, маргаашийн хоёр өдөр болж байгаа “ARIN-AP”-ний удирдах зөвлөлийн хуралд манай улсын АТГ-ын төлөөлөл оролцож байна.

ARIN-AP сүлжээ нь 21 гишүүн улс болон 8 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаахтай холбоотой асуудлаар гишүүн орнуудынхаа хүрээнд мэдээлэл солилцох, албан хаагчдын чадавх сайжруулах сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Удирдах зөвлөлд Монгол Улсаас гадна Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Япон, Тайланд, Индонез улсууд болон НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (CARIN) гишүүнээр багтаж, Дэлхийн банк ажиглагчийн статустай оролцох аж.

Мөн өнөөдөр эхэлсэн тус сүлжээний Бүгд хуралд Монгол Улсыг төлөөлж АТГ-ын хэлтсийн дарга Г.Азжаргал “ARIN-AP сүлжээг үр дүнтэй ашиглах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.