Япон улсад нөхөн үржихүй, хүн амын өсөлтийг тойрсон асуудал хамгийн том бэрхшээл болоод буй. Энэ жил мөн л япончуудын санааг зовоосон статистик мэдээ гарчээ. Тус улсын Хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны төвөөс явуулсан судалгаагаар 2016 онд нэг сая хүрэхгүй төрөлт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, Японы хүн амын өсөлт өнгөрсөн жил нэг саяыг ч давж чадаагүй байна.
Өнгөрсөн жилүүдийн байдлаас дүгнэн үзвэл ойрын жилүүдэд ч энэ тоо дээш өсөх найдлагагүй байгаа бөгөөд 2065 он гэхэд одоогийн 127 саяар тоологдож буй хүн амын тоо бараг 40 саяар буурах тооцоо гарчээ.
Хүн амын өсөлт ингэж буурсанд япон залуус гэр бүлийн амьдрал зохиохоос цааргалж, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс татгалзах болсон, гадаадын цагаачдын тоо буурсан зэрэг шалтгаан голчлон нөлөөлж байна. Үүнд Японы ажлын байрны соёл ч их нөлөөлдөг гэж Харвардын социологич Мэри Бринтон дүгнэжээ. Үдэш орой болтол ажиллахыг сайшаадаг, тэр хэрээр эрчүүд гэр бүлийн амьдралд оролцдоггүй, эхнэртээ хамаг үүрэг хариуцлагыг үүрүүлдэгээс болоод бүсгүйчүүд ажил амьдрал, карьераа алдахгүйн тулд гэр бүлийн амьдрал зохиох дургүй болжээ. Хэрэв ажлын байранд хэт их ачаалалгүй, бүгд эрт тардаг болж, эхнэр нөхөр хоёр үүрэг хариуцлагаа тэгшээ хүлээдэг бол гэр бүлийн энэ асуудал шийдэгдэж, эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй гарч ирэх боломжтой гэж Японы эрх баригчид үзэж буй. Тийм ч учраас ажилтнуудыг эрт тарж, нийгмийн амьдралд оролцдог, ажил-амралтын зөв дадал хэвшилтэй болгох янз бүрийн хөтөлбөр санаачилж байгаа юм.
Гэвч одоогоор япон эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь гэр бүлийн амьдралд яарахгүй байгаа нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар гэрлээгүй эрчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 60 хувь нь эсрэг хүйсийн хүнтэйгээ ямар нэг харилцаа холбоогүй гэж хариулжээ.
Энэ байдлаар 2053 он гэхэд тус улсын хүн амын тоо 100 саяас ч доош орох магадлалтай бөгөөд энэ нь 2060 он гэхэд хүн амын тоог хамгийн багадаа 100 саяд барина гэсэн Засгийн газрын зорилгоос зөрж байгаа юм.
Б.Номун
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30305
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.